ХИЙ ҮЗЭГДЭЛ Европоор тэнэж явна. Коммунизмын хий үзэгдэл. Тэр хий үзэгдлийг үлдэн хөөх ариун анд Пап хийгээд Цагаан хаан, Меттерних хийгээд Гизо, Францын радикал хийгээд германы цагдаа нар, хуучин Европын бүх хүч нэгджээ.
Засгийн эрх барьж байгаа эсрэг этгээддээ коммунист гэж хэлүүлээгүй оппозиц нам байна уу? Эсэргүүцэгч харгис этгээдээ хийгээд оппозицынхоо илүү дэвшилтэт төлөөлөгчдийг коммунизмаар өө сэв болгон занаж зүхдэггүй оппозици нам байна уу?
Энэ баримтаас хоёр дүгнэлт гарч байна.
Европын бүх хүчин коммунизмыг нэгэн ХҮЧИН ХЭМЭЭН үздэг болжээ.
Коммунистүуд өөрсдийн үзэл, зорилго, эрмэлзлэлийг дэлхий дахинаа илэрхийлэн, коммунизмын хий үзэгдэл гэдэг цуу ярианы өөдөөс намынхаа тунхагийг гаргаж тавих цаг нэгэнт болжээ.
Энэ учир, янз бүрийн үндэстний коммунистууд Лондонд цуглаад дор өгүүлэх «Тунхагийг» зохиосон нь англи, франц, герман, итали, фламанд, дани хэлээр нийтлэгдэв.
Эдүгээ хүртэлх бүх нийгмийн түүх бол ангийн тэмцлийн түүх байжээ. Чөлөөт иргэн боол хоёр, патриц плебей хоёр, помещик хамжлага хоёр, цехийн мастер туслах мастер хоёр, товчилбол, дарлагч дарлагдагч хоёр үргэлжид харилцан харш байж ямагт бүх нийгмийг хувьсгалт ёсоор өөрчлөн байгуулах буюу тэмцэлдэгч ангиуд цугаараа сөнөж төгсдөг заримдаа далд, заримдаа ил үргэлжийн тэмцэлтэй байдаг байжээ.
Өмнөх түүхийн үеэс үзвэл, нийгэм нь бараг аль ч газар элдэв язгуурт хуваагдаж, нийгмийн байдал олон янзын эрэмбэ шат болсон байдаг байна. Эртний Ромд патриц, морьтон плебей, боол байжээ. Дундад эртний үед феодал ноёд, хараат, цехийн мастер, туслах мастер, хамжлага байсны дээр эдгээр ангийн бараг тус бүрийн дотор бас тусгай шат хуваарь байсан байна.
Феодалын нийгмийн сөнөхөд гарч ирсэн орчин үеийн хөрөнгөтний нийгэм ангийн зөрчлийг огт устгасангүй. Энэ нийгэм гагцхүү хуучны оронд шинэ анги, дарлах шинэ бололцоо, тэмцлийн шинэ хэлбэрийг гаргаж иржээ.
Манай эрин үе хөрөнгөтний эрин үе бол ангийн зөрчлийг цомтгосон учир нийгэм маань улам улмаар хоёр том дайсагнагч лагерь, бие биенийгээ шууд эсэргүүцэгч хөрөнгөтөн пролетари хоёр том анги болон хуваагдаж байгаагаараа харин ялгаатай байна.
Дундад эртний үеийн хамжлагаас анхны хотын харцуул бий болж, тэрхүү харцуулаас хөрөнгөтөн нарын анхны үүсгэл тогтсон билээ.
Америкийг олж, Африкийг тойрон хөлөг онгоцоор аялах болсон нь өөдөлж байгаа хөрөнгөтнүүдэд ажиллах шинэ газрыг нээжээ. Ост-Энэтхэг, Хятадын худалдааны зах зээл олдож, Америкийг колоничилж, колонитой арилжаа хийж, арилжих аргыг нэмэгдүүлэн, ер нь бараа үлэмж болсон нь худалдаа, тэнгисийн аялал, аж үйлдвэрт урьд үзэгдээгүй их түлхэц өгөөд, задран сөнөж байсан феодалын нийгэм дэх хувьсгалт элементийг түргэн хөгжүүлэх боломж олгожээ.
Аж үйлдвэрийн хуучин байсан феодалын буюу цехийн зохион байгуулалт шинэ зах зээлийн хамтаар нэг адил нэмэгдсэн хэрэгцээг цаашдаа хангаж чадахгүй болж, түүний орыг мануфактур эзлэв. Цехийн мастерууд аж үйлдвэрийн дунд язгуурынханд түрэгдэж, элдэв корпорац нэгдлийн хоорондох хөдөлмөрийн хуваарь арилж, дархны газар тус тусын доторхи хөдөлмөрийн хуваарьт байраа тавьж өгчээ.
Гэтэл зах зээл нэмэгдэн өргөжиж, хэрэгцээ нэмэгдсээр л байв. Уг хэрэгцээг мануфактур ч хангаж хүчин хүрэхгүй болов. Тэгэхэд уур, машин хоёр аж үйлдвэрт хувьсгал хийжээ. Мануфактурын орыг орчин үеийн том аж үйлдвэр эзэлж, аж үйлдвэрийн дунд язгуурынхны орыг үйлдвэрийн сая саяын бэлтэй хөрөнгөтөн, аж үйлдвэрийн бүхэл бүтэн армийг удирдагч орчин үеийн хөрөнгөтнүүд эзлэв.
Америкийг олсноор замыг нь зассан дэлхий дахины зах зээлийг том үйлдвэр бий болголоо. Тэр зах зээл нь худалдаа, тэнгисийн аялал, хуурай зам харилцааг ихэд хөгжүүлэв. Тэр хөгжил аж үйлдвэрийг дэлгэрэхэд хариу нөлөө үзүүлж, аж үйлдвэр, худалдаа, тэнгисийн аялал, төмөр зам дэлгэрэхийн хэрээр хөрөнгөтнүүд хөгжиж, капиталаа өсгөн нэмэгдүүлж, дундад эртний үеэс өвлөж ирсэн бүх ангийг ар эгнээнд гартал хавчин зайлуулжээ.
Хянавал, тийнхүү орчин үеийн хөрөнгөтнүүд өөрсдөө үйлдвэрлэл ба арилжааны арга барилд дараалан гарсаар ирсэн өөрчлөлт, хөгжлийн урт удаан процессын бүтээгдэхүүн мөн ажээ.
Хөрөнгөтнүүдийн энэ хөгжлийн үе шат тутамд нь улс төрийн зохих амжилт дагалдан гарсаар иржээ. Феодал ноёдын ноёрхож байхад дарлагдсан язгуур байгаад коммунын үед зэвсэглэсэн бөгөөд өөртөө засах холбоо байж, энд хотуудын биеэ даасан бүгд найрамдах улс, нөгөөд нь бол хаант засгийн үед албан тавар төлөгч гуравдугаар язгуурынхан болж, мануфактурын үед хагас феодал буюу хэмжээгүй эрхт, хаант засгийн тайж ноёдын эсрэг тэмцүүлэх этгээд, ер нь хэмжээгүй эрхт том хаант засгийн гол суурь болж байсан хөрөнгөтнүүд орчин үеийн аж үйлдвэр, дэлхий дахины зах зээл тогтож ирмэгц, эцэстээ төлөөлөгчдийн засагтай орчин үеийн улсад улс төрийн онцгой ноёрхлыг олжээ. Орчин үеийн засаг төр бол гагцхүү хөрөнгөтөн ангийн ерөнхий хэргийг эрхлэх газар ажээ. Хөрөнгөтнүүд түүхнээ маш хувьсгалч үүрэг гүйцэтгэсэн юм.
Хөрөнгөтнүүд ноёрхлоо олсон газар бүхэндээ феодалын патриархал, түвшин харилцааг бүгдийг нь эвдэлжээ. Хүнийг “заяаных нь эзэн”-тэй холбож байсан федалын янз бүрийн тушааг хайр найргүй тасалж, хүмүүсийн хооронд гагцхүү хувийн ашиг завшил, нүнжигггүйгээр “бэлэн мөнгөөр тооцох” хэлхээ холбооноос өөр ямар ч холбоог үлдээсэнгүй. Хөрөнгөтнүүд сүсэг бишрэлийн онгод, эрэлхэг урам зориг хийгээд өтөл харцуулын нялуун сэтгэлийн ариун догдлолыг аминцархаг бодлын мөс шиг хүйтэн усанд живүүлжээ. Хүний биеийн эрхмийг арилжааны өртөг болгож, тоо томшгүй олон бөгөөд бичиг баримтаар баталсан, буянаараа олсон эрх чөлөөний оронд гагцхүү ичих нүүргүй чөлөөт худалдааг тавьжээ. Ганц үгээр хэлбэл, хөрөнгөтнүүд шашин шүтлэг, улс төрийн чимэглэлээр сэтгэлийг зассан мөлжлөгийг ил, ичгүүргүй, шууд, хатуу ширүүн мөлжлөгөөр халжээ.
Хөрөнгөтнүүд урьдын хүндэтгэн үзэж, сүслэн биширч байсан алив ажил үйлдлийг ариун эрхэмсгийн шинжгүй болгожээ. Эмч, хуульч, лам, яруу найрагч, шинжлэх ухааны хүнийг цалинтай хөлсний ажилчнаа болгожээ.
Хөрөнгөтнүүд гэр бүлийн харилцааг сэтгэл уярам байдалгүй болгож, дан ганц мөнгөний харилцаа болгожээ.
Хөрөнгөтнүүд харгисуудын бахархаж байсан дундад эртний үеийн хар хүчээр далайлгах явдал бол болхи бойд, залхуу хойргын нэмэлт болж байсан байна гэгчийг нээн олжээ. Хөрөнгөтнүүд хүний ажиллагаа үйлдэл юуг бүтээж чадах чадалтайг анх удаа үзүүлж, Египетийн пирамид, Ромын усны татаал, Гот маягийн дуганаас илүү урлагийн гайхамшигт зүйлсийг бий болгоод, улс түмний шилжин нүүхүй, загалмайтны аян дайнаас давуу аян дайныг үйлдэж байсан билээ.
Хөрөнгөтнүүд үйлдвэрлэлийн багаж хэрэгслийг үргэлж хувьсган, мөн түүгээрээ үйлдвэрлэлийн харилцааг хувьсган, түүний улмаас нийгмийн бүх харилцааг хувьсгалжуулалгүйгээр оршин байж үл чадна. Харин үйлдвэрлэлийн хуучин аргыг өөрчлөхгүй хэвээр байлгах нь бүх хуучин аж үйлдвэрийн ангийн оршин байхын анхдугаар нөхцөл байжээ. Үйлдвэрлэлд үргэлж эргэлт гарч, нийгмийн бүх харилцаа үргэлжид донслон үүрд бат найдваргүй бөгөөд хөдөлгөөнтэй байдаг нь хөрөнгөтний үеийг урьдах бүх үеэс ялгаатай болгожээ. Зэврэн царцсан аливаа харилцаа өөртэй нь хамт үеийн үед тахигдсаар ирсэн ойлголт үзлийнхээ хамтаар эвдэрч, шинээр бий болсон бүгд нь үхширэн хөшихөөсөө өмнө хуучирдаг болов. Аливаа угсаа язгуурын ба байнга тогтонги нь хийдэн ширгэж, аливаа ариун нь бузардсаар, хүн эцэстээ өөрийн аж төрөх жинхэнэ байдал, хоорондынхоо харилцааг эрэгцүүлэн бодохын чухалд хүрчээ.
Бүтээгдэхүүнээ үргэлж улам ихээр гүйлгэн борлуулах хэрэгтэй болсон нь хөрөнгөтнүүдийг дэлхийн бөмбөрцгийг хэсүүчлэн тэнэх болгожээ. Тэд газар сайгүй нэвтрэн орж, хааяагүй орогнож, газар бүр хэлхээ тогтоох ёстой болжээ.
Хөрөнгөтнүүд дэлхийн зах зээлийг ашигласнаар орон бүхний үйлдвэрлэл ба хэрэглээг ертөнц нийтийн чанартай болгожээ. Хөрөнгөтнүүд харгис үзэлтнийг ихэд гашуудуулан аж үйлдвэрийн хөл дороос, түүний тогтнож байсан үндэсний суурийг суга татан авчээ. Аж үйлдвэрийн жинхэнэ үндэстний шинж бүхий салбарууд устаж, бас өдөр тутам устсаар ажээ. Оронд нь аж үйлдвэрийн шинэ салбар түрэн орж, тэдгээрийг бий болгох нь бүх соёл иргэншилт улс үндэстний амьдралын асуудал болоод, тэр аж үйлдвэрийн салбар нь орон нутгийн түүхий эдийн төдийхнийг боловсруулснаар үл зогсон, дэлхийн бөмбөрцгийн хамгийн алсалсан газраас зөөж ирэх түүхий эдийг боловсруулж, тухайн улсын дотор хэрэглэхээр барахгүй, дэлхийн газар бүхэнд хэрэглэх фабрикийн бүтээгдэхүүнийг боловсруулах аж үйлдвэрийн салбар ажээ. Үүний урьд дотоодын бүтээгдэхүүнээр хэрэгцээг хангаж байсан бол шинэ хэрэгцээ оронд нь гарч ирээд, түүнийг хангахад туйлын алсалсан улс орон, янз бүрийн уур амьсгалтай газрын эд бүтээгдэхүүн хэрэгтэй болж ирлээ. Урьд орон нутаг үндэсний талаар битүү түгжүү байж өөрийнхөө үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр амьдарч байсны оронд улс үндэстэн тал тал тийшээ хэлхээтэй болж, бие биетэйгээ зүйл зүйлийн холбогдолтой болж ирэв. Материаллаг үйлдвэрлэл лүгээ нэгэн адилаар оюун ухааны үйлдэл ч мөн тийм болжээ. Зарим нэг улс үндэстний оюун ухааны бүтээл нь нийтийн хүртээмж болж ирэв. Үндэсний өрөөсгөл талтай, явцуу хязгаарлагдмал байдал нь улам улмаар байхгүй болж, үндэсний хийгээд орон нутгийн маш олон утга зохиолоос ганц, дэлхий дахины утга зохиол бий болж байна.
Хөрөнгөтнүүд үйлдвэрлэлийн бүх багаж хэрэгслийг хурднаа засан сайжруулж, зам харилцааг хязгааргүй хялбар дөхөм болгосноор хамгийн зэрлэг улс үндэстнийг ч цөмийг хамран соёл иргэншилд татан оруулж байна. Хөрөнгөтнүүдийн барааны хямд үнэ нь хятадын цагаан хэрэм мэт аливаа боомт хаалгыг эвдлэх тэдний хүнд их буу болж, харийн хүнийг туйлаас үзэн ядах зэрлэг аймгийн хүмүүсийн сэтгэлийг шантруулж байна. Хөрөнгөтнүүд сөнөн мөхөх аюулаар далайлган, улс үндэстэн бүгдэд хөрөнгөтний үйлдвэрлэлийн аргыг хэрэглүүлж, тэднийг соёл иргэншил гэгчийг өөрийндөө бий болгох буюу хөрөнгөтөн болоход хүргүүлж байна. Ганц үгээр бол хөрөнгөтнүүд дэлхий ертөнцийг өөрийн загвараар үлгэрлэн бүтээж байна.
Хөрөнгөтнүүд тосгоныг хотод захируулан ноёрхуулжээ.
Их хотыг бүтээн байгуулцгааж, хотын хүн амыг тосгоныхтой зэрэгцүүлбэл үлэмжид өсгөөд, хүн амын олонхийг тосгоны үхээнц болхи амьдралаас ангижруулжээ. Тэгээд тосгоныг хотын эрхшээлд оруулсантайгаа адил, зэрлэг, мөн хагас зэрлэг улсыг соёл иргэншил бүхий улсын эрхшээлд оруулан, Дорно Дахиныг Өрнө Дахины эрхшээлд оруулжээ.
Хөрөнгөтнүүд үйлдвэрлэлийн хэрэгсэл, хүн ам, өмчийн тархай бутархай байгааг улам улам зогсоож, хүн амыг хуралдуулан нягтруулж, үйлдвэрлэлийн хэрэгслийг төвлөрүүлж өмчийг цөөн хүний гарт төвлөрүүлэв. Үүний зайлшгүй үр дүнгээр улс төрийн төвлөн захирах ёс гарч ирэв. Биеэ даасан, хоорондоо тун бага холбоотой, янз бүрийн эрх ашиг, тус тусын хууль, засаг захиргаа, гааль цүүвэнтэй муж, цөм нэгэн улс үндэстэн болж нийлээд нэг засаг захиргаатай, нэг хууль дүрэмтэй, үндэсний ангийн нэг эрх ашигтай, гаалийн нэг хилтэй болжээ.
Хөрөнгөтнүүд ангийнхаа ноёрхлыг тогтоогоод зуун жил арай болоогүй атлаа өмнөх олон үеийн нийлээд бүтээн байгуулснаас илүү олон, давуу их үйлдвэрлэх хүчнийг бий болгожээ. Байгалийн хүчийг эрхшээлдээ оруулах, машин хэрэглэх, аж үйлдвэр, тариаланд химийн ухааныг хэрэглэх, галт онгоц, төмөр зам, цахилгаан мэдээ хэрэглэх, дэлхийн бүхэл бүтэн тивийг тариалангийн газар болгох, мөрөн голыг хөлөг онгоц явдаг болгох, газраас гаргаж авсан юм шиг олон хүн амыг бий болгох ийм их үйлдвэрлэх хүчин нийгмийн хөдөлмөрийн дотор дугжирч байсныг өнгөрсөн зуунуудын аль нь яахан ухаарч чадах билээ !
Ийнхүү хөрөнгөтнүүдийн бүрэлдэн тогтохын үндэс болсон үйлдвэрлэлийн ба арилжааны хэрэгсэл феодалын нийгэмд бий болсныг бид үзлээ. Эдгээр үйлдвэрлэлийн ба арилжааны хэрэгслийн хөгжлийн тухайн нэгэн шатанд, феодалын нийгмийн үйлдвэрлэл, арилжаа хийгээд газар тариалан, аж үйлдвэрийн феодалын зохион байгуулалт, ганц үгээр хэлбэл, феодалын өмчийн харилцаа нь нэг мэдэхэд давуу хөгжсөн үйлдвэрлэх хүчинд тохирохгүй болоод үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн оронд саад тотгор болж, олон зүйлийн гинж тушаа болжээ. Тэгээд тэдгээрийг эвдэх хэрэгтэй байсан, улмаар эвдсэн ч юм.
Тэдгээрийн орыг өөртөө зохицсон нийгэм, улс төрийн байгуулалттай, хөрөнгөтөн ангийн эдийн засаг, улс төрийн ноёрхолтой чөлөөт өрсөлдөөн эзэлжээ.
Бидний нүдний өмнө мөн иймэрхүү хөдөлгөөн болж байна. Хөрөнгөтний үйлдвэрлэл, арилжааны байдал, хөрөнгөтнмй өмчийн харилцаа бүхий бөгөөд мөн ийм их хүчирхэг үйлдвэрлэлийн ба арилжааны хэрэгслийг ид шидтэй юм шиг бий болгосон хөрөнгөтний нийгэм маань тарни уншиж лус савдаг хөдөлгөөд, харин түүнийгээ хүчрэхээ байсан ид шидтэн шиг болжээ.
Аж үйлдвэр, худалдааны хэдэн арван жилийн түүхийг үзвэл, тэр нь гагцхүү орчин үеийн үйлдвэрлэлийн харилцааны эсрэг, хөрөнгөтөн ба түүний ноёрхлын оршин байх нөхцөл болсон өмчийн харилцааны эсрэг орчин үеийн үйлдвэрлэх хүчин эгдүүцэн тэмцсэн түүх ажээ. Үүнд, байн байн давтагдаж, бүх хөрөнгөтөн нийгмийн тогтнон ахуйг улам улам аюултай ширүүн асуудал болгодог хүдалдааны хямралыг заан дурдвал болно. Худалдааны хямралын үеэр урьд бэлтгэн боловсруулсан бүтээгдэхүүний ихэнхийг байтугай нэгэнт бий болгосон үйлдвэрлэх хүчний ихэнхийг тогтмол устгадаг байна. Хямралын үеэр бүх урьдах үед хүний санаанд оршгүй зүйл гэж санагдам, нэг ёсны нийгмийн тахал томуу гардаг нь хэт үйлдвэрлэлийн тахал томуу ажээ. Нийгэм нь агшин зуур гэдрэгээ зэрлэг үед ухран хаягдсан мэт болж, өлсгөлөн турхан, нийтийн дайн дажин болж, нийгмийн амьдрах хамаг аргыг тасалсан мэт болж, аж үйлдвэр, худалдаа устсан мэт үзэгддэг нь юуны учир билээ? гэвэл, нийгмийн соёл иргэншил хэтэрч, амьдралын хэрэгсэл хэтэрч, аж үйлдвэр, худалдаа хэтэрсэн дээрээс тийм болдог байна. Нийгэмд байж байгаа үйлдвэрлэх хүчин нь хөрөнгөтний өмчийн харилцааг хөгжүүлэхээ нэгэнт байгаад, харин ч тэр харилцаанаас хэт давуу чадалтай болж, хөрөнгөтний харилцаа нь үйлдвэрлэх хүчний хөгжлийг саатуулах болж, үйлдвэрлэх хүчин тэр саадыг давмагц бүх хөрөнгөтөн нийгмийг 6усниулан хутгаж, хөрөнгөтний өмчийн оршин буй ахуйд аюул учруулна. Хөрөнгөтний харилцаа, бүтээсэн баялгaa багтааж чадахааргүй хэтэрхий явцуу болжээ. Хөрөнгөтнүүд хямралыг хэрхэн давдаг вэ? гэвэл нэгтэйгүүр, арга буюу өчнөөн төчнөөн үйлдвэрлэх хүчнийг устгаж, нөгөөтэйгүүр худалдааны шинэ зах зээлийг булаан эзлэхийн сацуугаар худалдааны хуучин зах зээлийг улам уудлан мөлждөг. Тэгэхдээ хэрхэж байна? гэвэл хөрөнгөтнүүд улам ч зүйл зүйлийг хамарсан, бүр ч сүйрүүлэх хүчтэй хямралыг бэлтгэж, түүнийг сэргийлэх аргыг багасгаж байгаа хэрэг.
Феодализмыг унагасан хөрөнгөтнүүдийн зэвсэг нь одоо тэдний өөрсдийнх нь эсрэг хандаж байна.
Хөрөнгөтнүүд бас, өөрийнхөө үхлийн ээвсгийг дархлан боловсруулснаар үл барам, тэр зэвсгийг нь барин байлдах хүн, орчин үеийн ажилчин пролетари нарыг төрүүлжээ.
Хөрөнгөтнүүдийн өөрөөр хэлбэл капиталын хөгжиж байгаа хэмжээгээр пролетари нар хөгжиж байна. Тэд бол ажил олж байвал сая амьдарч чадах орчин үеийн ажилчны анги бөгөөд тэдний хөдөлмөр, капиталыг өсгөн арвижуулж байвал л сая ажил олддог байна. Биеэ нэг нэгээр худалдахад хүрсэн эдгээр ажилчин бол худалдах аливаа юмны адил таваар мөн учраас өрсөлдөөний ямарваа нэгэн өөрчлөгдөл, зах зээлийн ямарваа нэгэн холбиролд нэгэн адил өртөгддөг байна.
Машин дэлгэрч, хөдөлмөрийн хуваарьтай болсон учраас пролетарийн хөдөлмөр нь биеэ даасан аливаа шинж чанарыг алдахын хамт ажилчны дурыг татахаа огт больжээ. Ажилчин бол машины жирийн нэгэн хавсралт болоод, сурахад хамгийн амархан, хамгийн хялбар, нэг л янзын тогтмол арга барилаас өөр зүйлийн шаардлагыг ажилчнаас шаардахгүй болов. Иймээс ажилчинд зарцуулах зардал нь гагцхүү түүний амь зуух, үр хүүхэд залгуулахад хэрэглэгдэх амьдралын амьжрах хэрэглэл нийлүүлэхийн төдийхөн болжээ. Гэтэл ямар нэгэн таваарын үнэ, үүнд мөн хөдөлмөрийн үнэ нь түүнийг үйлдвэрлэх зардалтай хэмжээ адил байдаг. Тийм дээрээс, хөдөлмөр нь дурыг татахгүй болох тусам ажлын хөлс нь мөн тэр хэмжээгээр хорогдоно. Түүгээр ч үл барам, машин хэрэглэх, хөдөлмөрийн хуваарьтай болгох нь нэмэгдэх тутам, мөн түүний хирээр хөдөлмөрийн хэмжээ нэмэгдэнэ, Энэ нь ажлын цагийн хэмжээ нэмэгдсэнээс буюу эсхүл тухайн цагийн дотор орох хөдөлмөрийн хэмжээ нэмэгдэх, машины эргэлт гүйдэл хурдсах зэргээс болно.
Орчин үеийн аж үйлдвэр бол эцгийн эрхт ёсны мастерын бяцхан дархны газрыг аж үйлдвэрийн капиталистын том фабрик болгожээ. Фабpикт бөөгнөрсөн олон ажилчныг цэргийн ёсоор зохион байгуулж, тэднийг аж үйлдвэрийн жагсаалын цэргийнх нь хувьд, эрэмбэ дараалсан бага дарга офицеруудын хяналтанд захируулдаг байна. Тэдгээр ажилчин бол хөрөнгөтөн анги ба хөрөнгөтний засгийн боолоор барахгүй, өдөр тутам, цаг тутам машин, хянагч хоёрт боолчлогдохын дээрээс бас фабрикийн эзэн хөрөнгөтөнд дарлагдаж байна. Ингэж эзэрхийлдэг нь ашиг хонжлыг зорилго болгосноо улам илэрхий зарлах бүр, улам бүр өөдгүй, улам бүр үзэн ядалтай болж, хүний сэтгэлийг улам ихээр хорсгоно.
Гар хөдөлмөр нь хүч, арга урлал багаар хэрэглэдэг болох тусам, өөрөөр хэлбэл орчин үеийн аж үйлдвэр улам хөгжих тусам эрэгтэйчүүдийн хөдөлмөр нь эмэгтэйчүүд, хүүхдийн хөдөлмөрт улам улмаар түрэгдэн зайлна. Ажилчин ангийн тухайд нас хүйсний ялгаа нь нийгмийн ямар ч ач холбогдолгүй болж ирнэ. Гагцхүү нас, хүйсний байдлаас болж, янз бүрийн зардал хэрэглэх хөдөлмөрийн багаж хэрэгсэл байдаг ажээ.
Фабрикийн эзэн ажилчныг мөлжиж дуусгаад ажлын цалин хөлсийг бэлэн мөнгөөр тавин олгомогц хөрөнгөтний нөгөө хэсэг нь болох орон сууцны эзэн, мухлагийн эзэн, мөнгө хүүлэгч нарын зэрэг этгээд тэр ажилчныг дайран ордог ажээ.
Дундад язгуурын доод давхарга: жижиг үйлдвэрлэгч, худалдаачин, рантье нар, гар урчууд, тариачин эдгээр ангийнхны зарим нь бяцхан капиталаараа том үйлдвэрийг хөдөлгөхөд хүрэлцэхгүй болоод том капиталисттай өрсөлдөн тэсч чадахгүй учраас, мөн зарим нь үйлдвэрлэлд шинэ арга нэвтэрсний улмаас мэргэжсэн ажил нь үнэ цэнэгүй болсон учраас доошоо пролетарийн эгнээнд орцгоож байна. Хүн ардын бүх ангиас пролетари нар ийнхүү дайчлагдан бүрэлдэж байна.
Пролетари нар хөгжлийн янз бүрийн шатыг дайрч байна. Хөрөнгөтний эсрэг тэмцэл нь пролетарийг бий болохын хамт эхэлжээ.
Анхандаа ганц нэгэн ажилчин тэмцэл хийсээр сүүл рүүгээ нэгэн фабрикийн ажилчид тэмцэл хийж, дараагаар нь нэгэн газар хөдөлмөрийн нэгэн салбарын ажилчид, тэднийг шууд мөлжиж буй нэгэн хөрөнгөтнийг эсэргүүцэн тэмцэнэ. Тэдгээр ажилчин дан ганц хөрөнгөтний үйлдвэрлэлийн харилцааны эсрэг тэмцэх биш, мөнхүү үйлдвэрлэлийн багаж зэвсгийн эсрэг ч тэмцэн, гадаадын өрсөлдөөнтэй таваарыг устган, машиныг эвдэцгээн, фабрикийг шатаан, дундад эртний үеийн ажилчны үгүй болж өнгөрсөн байдлыг хүчээр дахин сэргээн босгохыг оролддог байна.
Ийм шатан дээр байх үед ажилчид улс даяар сарнин тарсан бөгөөд өрсөлдөөнөөр бутарсан өтөл олны байдалтай байдаг. Энэ үед ажилчин олныг нягтруулах нь тэдний өөрсдөө нэгдсэний ач үр биш, гагцхүү өөрийн улс төрийн зорилгыг биелүүлэхийн тулд бүх пролетарийг хөдөлгөх ёстой бөгөөд тэр тухайн үед хөдөлгөж чадаж байгаа хөрөнгөтнүүд нэгдсэнээс болох хэрэг. Тийм учраас энэ үед пролетари нар өөрсдийн дайсантай хараахан тэмцэхгүй, харин өөрсдийн дайсны дайсан болох хэмжээгүй эрхт хаант ёсны үлдэгдэл, газар эзэмшигчид, аж үйлдвэрийн бус хөрөнгөтөн, жижиг хөрөнгөтөн нартай тэмцэж байгаа юм. Тийнхүү, бүх түүхийн хөдөлгөөн хөрөнгөтний гарт атгагдаж, ийм байдалд байгуулсан ялалт бүхэн даруй хөрөнгөтнүүдийн ялалт болно.
Гэтэл аж үйлдвэр хөгжих тусам пролетари нар тооны хувьд өсөхөөр үл барам үй олноор нэгэн дор хурдан бөөгнөрч, хүчин нь нэмэгдэх тусам хүчээ улам ихээр мэдэрдэг. Машин хэрэглэх нь хөдөлмөрийн ялгааг улам улам үгүй болгож, бараг газар сайгүй ажлын хөлсийг нэгэн адил доогуур хэмжээнд оруулах тусам пролетари нарын эрх ашиг, амьдрах байдал улам улмаар хавтгайдаа адил болж ирнэ. Хөрөнгөтнүүд хоорондоо улмаар өрсөлдөцгөөн, түүнээс болж гарах худалдааны хямрал ажилчны хөлсийг улам тогтворгүй болгож, машиныг үргэлжлэн боловсронгуй болгож хийх явдал улам түргэсэх тусам пролетари нарын амьдрах байдал бүр ч батгүй болж, ганц нэгэн ажилчин, ганц нэгэн хөрөнгөтний хоорондын мөргөлдөөн нь улмаар хоёр ангийн мөргөлдөөний шинжтэй болж ирнэ. Ажилчид хөрөнгөтний эсрэг эвсэл байгуулж эхэлнэ. Ажилчид ажлынхаа хөлсийг хамгаалахын тулд хамтран тэмцэнэ. Гарч болох мөргөлдөөний үед зохих зүйлсээр өөрийгөө хангасан байхын тулд ажилчид байнгын холбоог байгуулдаг. Зарим газар тэмцэл нь илт бослого болж ирнэ.
Ажилчид үе үе ялдаг боловч тэр нь зөвхөн түр зуурын ялалт байдаг. Тэдний тэмцлийн жинхэнэ үр дүн гэвэл чухам тэрхүү шууд амжилт олох нь бус, харин улам улам түгээмэл болж байгаа ажилчны нэгдэл нь болно. Тэрхүү нэгдэлд том аж үйлдвэрийн бий болгож, газар газрын ажилчны хооронд холбоо тогтоон, улам улам өсөн нэмэгдэж байгаа зам харилцаа ихээхэн тус дөхмийг үзүүлнэ. Тэрхүү холбоо бол аль ч газарт орон нутгийн чанартай байгаа тэмцлийн үүсвэрүүдийг үндэстнээрээ хамрагдах ангийн тэмцэл болгон төвлөрүүлэхэд л чухам хэрэгтэй ажээ. Гэвч аливаа ангийн тэмцэл бол даруй улс төрийн тэмцэл мөн. Иймд хөсгийн замаар болж байсан дундад эртний үеийн хотынхон нэгдэхдээ хэдэн зуун жил хэрэглэсэн ахул орчин үеийн пролетари нар төмөр замын ачаар цөөн хэдэн жилийн дотор нэгдэж чаддаг болов.
Пролетари нар тийнхүү анги болж, түүгээрээ улс төрийн нам болж байгуулагдах нь ажилчны өвөр хоорондынх нь өрсөлдсөнөөр мөч тутам дахин эвдэрч байдаг байна. Тэгэвч уг байгууллага дахин дахин байгуулагдаж, улам хүчтэй, улам бат, улам хүчирхэг болж байдаг байна. Тэр байгууллага хөрөнгөтний зарим давхаргын хоорондын хагарлыг ашиглан, ажилчны зарим эрх ашгийг хууль ёсоор зөвшөөрүүлэн хүлээлгэдэг байна. Жишээлбэл: Англид арван цаг ажил хийх тухай хууль гаргуулсныг дурдаж болно.
Ер нь хуучин нийгмийн доторхи мөргөлдөөн нь их төлөв пролетари нарын хөгжих явцыг дөхөм болгодог байна. Хөрөнгөтнүүд үргэлжийн тэмцэл хийж байдаг, үүнд: эхлээд язгууртныг эсэргүүцэн, дараагаар ашиг сонирхол нь аж үйлдвэрийн хөгжилтэй зөрүү болсон хөрөнгөтний өөрсдийн хэсгийг эсэргүүцэн, мөн гадаад бүх олон улсын хөрөнгөтнийг үргэлжид эсэргүүцэн тэмцэж байдаг. Эдгээр түлалдаанд хөрөнгөтнүүд пролетари нарыг уриалан дуулахад хүрч, түүний тусламжийг эгээрэн, тийнхүү улс төрийн хөдөлгөөнд оролцуулдаг. Энэ учраас хөрөнгөтнүүд өөрсдөө, пролетари нарт өөрийнхөө боловсролын зарим зүйлийг, өөрөөр хэлбэл, өөрийнхөө эсрэг зэвсгийг таниулж өгдөг. Цаашилбал аж үйлдвэр хөгжихдөө ноёрхогч ангийн бүхэл бүхэл давхаргыг пролетари болгодог буюу адаглаад тэдгээрийн аж төрөх байдлыг аюулд учруулдгийг бид үзсэн билээ. Тэр давхаргууд бас л пролетари нарт гэгээрэл боловсролын үлэмжхэн зүйлийг мэдүүлж өгдөг.
Эцэст нь ангийн тэмцлийг нэгэн тийш болгох цаг ойртох үед, ноёрхогч ангийн дотор, мөн бүхий л хуучин нийгмийн дотор задрах явц нэн хүчтэй ширүүн болж ирдэг учир, ноёрхогч ангийн багахан хэсэг нь ангиа цааргалан тэвчээд, хувьсгалт ангид, ирээдүйг гартаа барих ангид нийлнэ. Учир иймээс урьд тайж нарын нэгэн хэсэг нь хөрөнгөтний талд орж байсны нэгэн адил одоо ч хөрөнгөтнүүдийн нэгэн хэсэг нь пролетари нарын талд орж байна. Тухайлбал, түүхэн хөдөлгөөний бүх явцыг онолын талаар ухварлан чадах хэмжээнд хүрсэн хөрөнгөтний үзэл сурталтнууд тэгж байна.
Хөрөнгөтнүүдийг одоо эсэргүүцэж буй бүх ангиас гагцхүү пролетари нар л жинхэнэ хувьсгалч анги болой. Том аж үйлдвэр хөгжихийн хамт бусад анги бууран уруудаж, сөнөн устана. Харин пролетари нар бол даруй том аж үйлдвэрийн өөрийнх нь бүтээгдэхүүн мөн. Дундад язгуурынхан: жижиг үйлдвэрийн эзэн, жижиг худалдаачин, гар үйлдвэрчин, тариачин эд цөм дунд язгуурын ёсоор аж төрөн оршихыгоо аврахын тулд хөрөнгөтнүүдтэй тэмцдэг. Тийнхүү тэд хувьсгалч бус, хуучныг баримтлагчид ажээ. Тэр ч байтугай тэд түүхийн хүрдийг гэдрэг нь эргүүлэхийг эрмэлзэж байгаа учраас харгис байна. Тэдний хувьсгалч нь юу вэ гэвэл алсдаа пролетари нарын эгнээнд шилжих, мөн өөрсдийн одоогийн бус, хэтийнхээ ашиг тусыг хамгаалж, пролетарийн үзлийг баримтлахын тулд өөрсдийнхөө үзлээс ангижирч байгаагийн хувьд хувьсгалч ажээ.
Хуучин нийгмийн хамгийн доод давхаргын ялзралтын идэвхгүй болхи бүтээгдэхүүн болох люмпен пролетари нар зарим газар, пролетарийн хувьсгалаар хөдөлгөөнд татагдан оровч, амьдралынхаа бүх нөхцөл байдлын эрхээр биеэ худалдан харгис хуйвалдаан хийх дуртай ажээ.
Хуучин нийгмийн амьдрах байдал нь пролетарийн амьдрах байдалд хэдийн устжээ. Пролетарид өмч байхгүй болой; мөн эхнэр хүүхэдтэйгээ харилцах нь хөрөнгөтний гэр бүлийн харилцаатай огт төсгүй ажээ. Орчин үеийн аж үйлдвэрийн хөдөлмөр, мөн орчин үеийн капиталын дарлал нь Англид Францынхтай, мөн Америкт Германыхтай нэгэн адил учир ажилчны үндэсний аливаа шинжийг арчин хаяжээ.
Хууль дүрэм, ёс суртахуун, шашин шүтлэг энэ бүгд цөм, ажилчинд бол тэр бүгдийн ар талд хөрөнгөтнүүдийн тухайн нэгэн ашиг сонирхол нуугдан бүгдэг хөрөнгөтний мухар үзлээс цаашгүй болжээ.
Ноёрхлыг тэмцэн олж байсан урьдын бүх анги, өмчлөлийнхөө нөхцөл байдалд бүх нийгмийг захируулан амьдралын нэгэнт тэмцэн олсон байдлаа бататгахыг эрмэлзэж байсан бүлгээ. Пролетари нар өөрсдийнхөө одоогийн өмчлөлийн аргыг устгавал, улмаар эдүгээ хүртэл байсан өмчлөлийн бүх аргыг устгавал, нийгмийн үйлдвэрлэх хүчнийг байлдан олж сая чадна. Пролетари нарт хамгаалбал зохих өөрсдийн гэмээр юм юу ч байхгүй бөгөөд эдүгээ хүртэл хувийн өмчийг хамгаалан хангаж байсан бүгдийг эвдэх ёстой байна. Эдүгээгээс өмнө гарч байсан бүх хөдөлгөөн бол цөөнхийн хөдөлгөөн байсан буюу цөөнхийн ашиг тусын тулд болж байсан байна. Пролетарийн хөдөлгөөн бол үй олонхийн ашиг тусын тулд гарсан үй олонхийн бие даасан хөдөлгөөн мөн. Орчин үеийн нийгмийн хамгийн доод давхарга болох пролетари нар албан ёсны нийгмийг бүрэлдүүлэгч олон давхаргын дээд оройг цөмий нь зад цохихгүйгээр нуруугаа тэнийлгэн өндийж чадахгүй. Пролетари нараас хөрөнгөтнийг эсэргүүцсэн тэмцэл нь агуулгаараа бус гэхэд хэлбэрээрээ анхандаа үндэсний тэмцэл байдаг. Улс бүрийн пролетари нар зүй нь юуны өмнө өөрийн хөрөнгөтнүүдийг үгүй хийх ёстой.
Бид, пролетари нарын хөгжлийн маш ерөнхий үе шатыг тодорхойлохдоо оршиж буй нийгмийн дотор их бага ямар нэгэн хэмжээгээр далд болж байгаа иргэний дайныг илт хувьсгал болж, пролетари нар, хөрөнгөтнийг хүчээр түлхэн унагааж, ноёрхлоо тогтоох үе хүртэл мөрдөн үзлээ.
Эдүгээ хүртэл оршиж байсан бүх нийгэм нь дарлагч дарлагдагч ангийн эсрэг тэсрэг байдалд тулгуурлаж байсныг бид үзлээ. Гэтэл ямар нэгэн ангийг дарлая гэвэл ядахдаа түүний боол мэт амьдрах нөхцлийг хангаж өгөх хэрэгтэй. Хамжлага хүн хамжлагын байдалд байсаар коммуны гишүүний байдалд хүрч чадсан байна. Түүнчлэн жижиг хөрөнгөтөн феодалын хэмжээгүй эрхт хаант засгийн талхин дор байсаар хөрөнгөтөн болж чадсан байна. Харин орчин үеийн ажилчин аж үйлдвэрийн дэвших тусам өөрийн ангийн амьдрах нөхцөл байдлын хэмжээнээс улам улам доош бууран орж байна. Ажилчин гуйлгачин болж, гуйлгачлал нь хүн ам, эд баялаг өсөхөөс илүү хурдан өсч байна. Энэ бол хөрөнгөтнүүд нийгмийн ноёрхогч анги хэвээр байж чадахгүй болж, өөрийн ангийн оршин ахуй нөхцөл байдлыг бүх нийгэмд зохицуулагч дүрэм болгон тулгаж болохгүй болсныг илт үзүүлж байна. Хөрөнгөтнүүд бас боолоор тэжээлгэж байхын оронд боолыг өөрөө тэжээх ийм байдалд бууран орсон учраас, бас боолдоо боол ёсоор амьдрах нөхцөлийг хангаж чадахгүй. болсон учраас ноёрхож чадахгүй. Нийгэм, хөрөнгөтний эрхэн дор цаашдаа тэсч чадахгүй болжээ, өөрөөр хэлбэл, хөрөнгөтний амьдрал, нийгэмтэй тохирохыг байжээ.
Хөрөнгөтөн ангийн оршин тогтож, ноёрхох гол нөхцөл бол амь хүмүүсийн гарт эд баялаг хуримталж, капитал бий болж, нэмэгдэх явдал мөн. Капиталын оршин тогтнох нөхцөл бол хөлсний хөдөлмөр мөн. Эл хөлсний хөдөлмөр дан ганц ажилчны хоорондын өрсөлдөөнийг түшиглэн тогтоно. Аж үйлдвэрийн дэвшилтийг эсэргүүцэж чадалгүй, өөрийн эрхгүй урагш ахиулагч нь хөрөнгөтнүүд мөн бөгөөд аж үйлдвэрийн энэхүү дэвшилт нь ажилчдыг өрсөлдөөнөөр таслан салгахын оронд тэднийг эвлэл холбоогоор хувьсгалт нэгдэлд нягтруулах болно. Тийнхүү том аж үйлдвэр хөгжихийн хамт хөрөнгөтний бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэн, өмчилж байсан уг үндэс суурь нь тэдний хөл дороос суга татагдана. Хөрөнгөтнүүд юуны өмнө булшлагчдаа үйлдвэрлэж байгаа хэрэг. Хөрөнгөтнүүдийн мөхөж сөнөх, пролетари нарын ялж дийлэх нь нэгэн адил зайлшгүй ажээ.
Ер нь коммунистууд, пролетари нартай ямар харилцаатай байдаг вэ?
Коммунистууд бол ажилчны бусад намын эсрэг чиглэсэн ямар нэгэн тусгай нам огт биш билээ.
Тэдэнд, нийт пролетари нарын бүхий л ашиг тусаас өөр ямар нэгэн ашиг эрмэлзэл огт байхгүй.
Тэдэнд пролетарийн хөдөлгөөнийг захируулан хязгаарлах гэсэн ямар нэгэн тусгай” зарчим огт үгүй.
Коммунистууд пролетарийн бусад намаас ялгаатай зүйл нь гэвэл нэгтэйгүүр гагцхүү олон үндэстний пролетарийн тэмцэл дотроос, аль ч үндэстнийх бай ялгалгүй бүх пролетарийн нийтийн ашиг тусыг ялган товойлгож хамгаалдаг бөгөөд нөгөөтэйгүүр пролетари хөрөнгөтөн хоёрын тэмцлийн дамжиж гарах хөгжлийн элдэв шатанд коммунистууд хэзээ ч нийт хөдөлгөөний ашиг тусыг төлөөлөгч нар байдаг байна.
Тийм дээрээс коммунистууд, хэрэг дээрээ орон бүхний ажилчны намын хэзээд урагш давшуулан түлхэгч, хамгийн эрс шийдэмгий хэсэг нь бөгөөд онолын талаар пролетарийн бусад олныг бодвол пролетарийн хөдөлгөөний нөхцөл байдал, явц, нийт үр дүнг ухамсарлан ойлгох талаар давуу байна.
Коммунистуудын ойрын зорилго нь пролетарийн бусад намын адил пролетарийг анги болгож, хөрөнгөтний ноёрхлыг түлхэн унагаж, пролетари нарт улс төрийн эрх байлдан олгуулахыг зорино.
Коммунистуудын онолын баримтлал нь дэлхийг ямар нэгэн шинэтгэгч хүний нээн олсон буюу бодож гаргасан үзэл зарчим дээр хэрхэвч үндэслэхгүй.
Коммунистуудын онолын баримтлал бол гагцхүү оршиж буй ангийн тэмцлийн бодит харилцааны хийгээд бидний нүдний өмнө болж байгаа түүхэн хөдөлгөөний ерөнхий илэрхийлэл мөн. Урьд байсан өмчийн харилцааг устгах нь дан ганц коммунизмын онцгой шинж бишээ.
Өмчийн бүх харилцаа, уулаасаа үргэлжид түүхэн хувиралтыг үзэж, үргэлждийн түүхэн өөрчлөлтөд орж байсан байна. Жишээлбэл, Францын хувьсгал феодалын өмчийг халаад түүнийг хөрөнгөтний өмчөөр сольжээ.
Коммунизмын ялгагдах шинж гэвэл нийт өмчийг халах биш, харин хөрөнгөтний өмчийг халах явдал.
Гэтэл орчин үеийн хөрөнгөтний хувийн өмч гэгч нь нэг нь нөгөөгөө мөлжих мөлжлөг, ангийн эсрэг тэсрэг зөрчил дээр үндэслэсэн бүтээгдэхүүний тийм үйлдвэрлэхүй ба өмчлөлийн хамгийн эцсийн, хамгийн төгс илэрхийлэл мөн.
Энэ утгаар бол коммунистууд онолоо ганц үгүүлбэрээр илэрхийлэн өмчийг устгах явдал хэмээн хэлж болно.
Хувиараа олж авсан, өөрийн хөдөлмөрөөр бий болгосон өмчийг, аливаа хувийн эрх чөлөө, үйл ажиллагаа, биеэ даасан байдлын гол үндэс болсон өмчийг коммунистууд устгах гэж байна гэж биднийг зэмлэн буруушаадаг байлаа.
Хөлс хүчээрээ, өөрөө олж авсан, өөрийнхөө хөдөлмөрөөр олсон өмч гэнээ ! Та нар, хөрөнгөтний өмч бий болохын өмнө байсан жижиг хөрөнгөтөн, жижиг тариачны өмчийг хэлж байна уу ? Бидэнд түүнийг устгах гэсний хэрэг алга. Аж үйлдвэр хөгжихдөө түүнийг устгасан, өдөр тутам устгасаар байна.
Эсхүл та нар орчин үеийн хөрөнгөтний хувийн өмчийг хэлж байна уу?
Гэтэл хөлсний хөдөлмөр, пролетарийн хөдөлмөр нь пролетари нарт өмч бий болгож байна уу ? Огтхон ч үгүй шүү дээ. Харин тэр нь капиталыг бий болгож байна. Өөрөөр хэлбэл, хөлсний хөдөлмөрийг мөлждөг бөгөөд түүнийг дахин мөлжихийн тулд дахин хөлсний хөдөлмөрииг төрүүлж байвал сая өсдөг тийм өмчийг бий болгож байна. Энэхүү өмч нь орчин үеийнхээ байдлаар бол капитал хөлсний хөдөлмөр хоёрын зөрчилдөөнөөр хөдөлж байна. Энэхүү зөрчилдөөний хоёр талыг авч үзье.
Капиталист байх гэдэг нь үйлдвэрлэлийн дотор дан амин хувийн төдийгүй, мөн нийгмийн байдалтай болно гэсэн үг ээ. Капитал гэгч бол хамт олны бүтээгдэхүүн бөгөөд гагцхүү нийгмийн олон гишүүний хамтын ажиллагаагаар сая хөдөлдөг, эцсийн эцэст гагцхүү нийгмийн бүх гишүүдийн хамтын ажиллагаагаар хөдөлдөг юм.
Ингэхлээр капитал бол амин хувийн биш, нийгмийн хүч мөн.
Учир иймд, хэрэв капиталыг хамт олны, нийгмийн бүх гишүүдийн өмч болговол, тэр нь амины өмчийг нийгмийн өмч болгосон хэрэг биш. Гагцхүү өмчийн нийгмийн чанар өөрчлөгдөнө. Өмч ангийнхаа чанарыг алдана.
Хөлсний хөдөлмөрийг авч үзье.
Хөлсний хөдөлмөрийн дундаж үнэ бол ажлын хөлсний хамгийн бага нь буюу өөрөөр үгүүлбэл, ажилчных нь хувьд ажилчны амь зуулгыг залгуулахад чухал хэрэглэгдэх зүйлсийн нийлбэр дүн мөн. Учир иймд хөлсний ажилчин ажиллаад өөртөө авч байгаа юм нь гагцхүү түүний амьдралыг нөхөн залгуулахад дөнгөж хүрэлцдэг байна. Бусдын хөдөлмөрийг захирах эрхийг бий болгочих тийм илүүдлийг огт гаргадаггүй бөгөөд гагцхүү амьдралыг нөхөн үйлдвэрлэхэд хэрэглэгдэх хөдөлмөрийн бүтээгдэхүүнийг өөртөө тийнхүү олж авдаг явдлыг бид устгах гээгүй байна. Ажилчин хүн гагцхүү капиталыг нэмэгдүүлэхийн тулд амьдарч, ноёрхогч ангийн ашиг тусын шаардлага байгаа дээрээс зөвхөн амьдарч байдаг тийм өмчлөлийн өөдгүй шинжийг л бид устгах санаатай байна. Хөрөнгөтний нийгэмд амьд хөдөлмөр бол гагцхүү хуримталсан хөдөлмөрийг улам их болгох арга хэрэгсэл ажээ. Коммунист нийгэмд хуримталсан хөдөлмөр бол гагцхүү ажилчны аж төрөн амьдрах явцыг өргөн, элбэг баян, хялбар болгох арга хэрэгсэл байх болно. Тийнхүү хөрөнгөтний нийгэмд өнгөрсөн нь одоог ноёрхож байна. Коммунист нийгэмд одоо нь өнгөрснийг ноёрхоно. Хөрөнгөтний нийгэмд капитал биеэ даасан бөгөөд хүн дүртэй болсон байдаг байхад харин хөдөлмөрчин хүн биеэ даасан биш, хүн дүрээ алдсан байдаг байна.
Ийм харилцааг хүчингүй болгохыг хөрөнгөтнүүд хүнийг болоод эрх чөлөөг хүчингүй болгох нь гэж хэлдэг байна! Тэгэх нь зөв өө! Нээрээ ч хөрөнгөтөн хүн гэгчийг, хөрөнгөтний биеэ даасан байдлыг, хөрөнгөтний эрх чөлөөг хална гэсэн үг шүү.
Хөрөнгөтний одоогийн үйлдвэрлэлийн харилцааны дотор эрх чөлөө гэж худалдааны эрх чөлөө, худалдан өгөх авахын эрх чөлөөг ухаарч байгаа хэрэг.
Гэтэл арилжаа наймаа уствал чөлөөтэйгөөр наймаалах явдал бас устах ёстой. Чөлөөтэйгөөр наймаална гэж ярьдаг нь ерөөсөө эрх чөлөөний тухай манай хөрөнгөтнүүдийн ярьдаг бусад гоё үгийн нэгэн адил гагцхүү боогдмол наймааны хувьд, дундад эртний үеийн хотын боолчлогдмол хүний хувьд үзвэл ямар нэгэн утгатай байж болохоос биш, харин арилжаа наймааг мөн хөрөнгөтний үйлдвэрлэлийн харилцааг, хөрөнгөтнийг өөрийг нь коммунист ёсоор устгах тухайд холбогдолгүй болой.
Та нар, биднийг хувийн өмчийг устгах гэж байна гэж ухаан алдаж байна. Гэтэл та бүхний одоогийн энэ нийгэмд нийгмийн гишүүдийн арваны есөн хувийг хувийн өмчгүй болгочихсон байна. Хувийн өмч тогтож байхдаа гагцхүү арван хувийн есөд нь байхгүй болсон учраас тогтож байгаа юм. Учир иймд, та нар нийгмийн асар олонхийг өмчгүй байхыг чухал шаардлага болгосон өмчийг устгах гэлээ гэж биднийг зэмлэж байна.
Ганц үгээр хэлбэл, өмчийг маань устгах гэлээ гэж та нар биднийг буруушааж байна. Тэр үнэн, бид үнэхээр тэгэхийг хүсэж байна.
Хөдөлмөрийг капитал, мөнгө, газрын рент болгож болохгүй болмогц, товчилж хэлбэл, онц эрх болгож болох нийгмийн хүчин болгож болохгүй болмогц буюу өөрөөр хэлбэл, амины өмчийг дахин хөрөнгөтний өмч болгож болохгүй болмогц та нар тэр цагаас эхлэн, хүнийг устгалаа гэж хэлээрэй.
Тэгэхдээ та нар хүн гэж хөрөнгөтнөөс бусад хэнийг ч үздэггүй, өөрөөр хэлбэл, өмчтөн хөрөнгөтнөөс өөр хүнийг тэгж үзэхгүй гэдгээ хүлээдэг шүү дээ. Тийм хүнийг үнэхээр устгавал зохино.
Коммунизм бол нийгмийн бүтээгдэхүүнийг өмчлөх бололцоог хэнээс ч булаан авахгүй, гагцхүү ингэж өмчлөх аргаар бусдын хөдөлмөрийг боолчлох бололцоог булааж авна. Хувийн өмчийг устгамагц аливаа ажиллагаа зогсож, нийтээр залхуу хойрго болно гэж шалтаг заадаг байлаа.
Тийм бол, ажил хийдэг нь юу ч олж авдаггүй, харин олж авдаг нь ажил хийхгүй байдаг хөрөнгөтний нийгэм аль хэдийн залхуу хойргоос болж сөнөх ёстой байсан юм. Тийнхүү элдвээр арга саам хэлдэг нь капитал нэгэнт байхгүй бол хөлсний хөдөлмөр байхгүй гэж нэгэн юмыг өөр үгээр нуршсан хэрэг болж байна.
Материаллаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, өмчлөх коммунист аргыг эсэргүүцэн татгалзсан бүх шалтаг нь бас оюун ухааны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж өмчлөх аргын эсрэг хандсан байна. Ангийн өмчийг устгахыг хөрөнгөтнүүд уг үйлдвэрлэлийг устгах мэтээр төсөөлдгийн нэгэн адил ангийн гэгээрэл боловсролыг устгах нь хөрөнгөтнүүдэд нийт гэгээрэл боловсролыг устгахтай адил байдаг байна.
Сөнөчихнө гэж хөрөнгөтний харамсан гонсойж буй гэгээрэл боловсрол нь үй олонхийг машины хавсралт болгоно гэсэн үг мөн.
Хөрөнгөтний өмчийг хүчингүй болгохыг та нар эрх чөлөө, гэгээрэл боловсрол, эрх зүй зэргийг хөрөнгөтнийхөө төсөөллийн үүднээс хэмжээд, бидэнтэй маргалдаад байхын хэрэггүй. Танай эрх зүй гэдэг чинь өөрөө танай ангийн оршин ахуйн материаллаг нөхцөл байдлаар утга агуулга нь тодорхойлогдож өргөмжлөгдөн хууль болсон танай ангийн хүсэл зориг байдагтай адил танай үзэл суртал чинь өөрөө хөрөнгөтний үйлдвэрлэх, өмчлөх харилцааны бүтээгдэхүүн даруй мөн.
Та нар үйлдвэрлэлийн хийгээд өмчийн харилцаагаа түүхийн үүднээс бүрэлдэн, үйлдвэрлэлийн хөгжлийн явцаар халагдан өөрчлөгддөг харилцаа мөн байсаар байхад байгаль оюуны мөнх хууль болгож хэлтгийлэн үздэг чинь, урьд ноёрхож агаад нэгэнт сөнөсөн ангийнхтай адил байна. Та нар эртний грек-ромын хийгээд феодалын өмчийн тухай хэлэлцэхэд ухаарч байсан юмаа хөрөнгөтний өмчийн тухай хэлэлцэхэд ухаарч чадахгүй болчихдог байна.
Гэр бүлийг устгах гэв! гэж хамгийн радикал этгээд хүртэл коммунистуудын энэ шившигт санааг буруушаан үзэж байна гэнэ.
Орчин үеийн хөрөнгөтний гэр бүл гэгч юуг үндэс болгосон байна? Капитал, амины ашиг хонжлыг үндэс болгожээ. Ийм гэр бүл гүйцэд боловсорсон хэлбэрээр гагцхүү хөрөнгөтнүүдийн дунд байдаг байна. Гэвч пролетари нар, арга буюу гэр бүлгүй байж, нийтийн янхан дэлгэрсэн нь хөрөнгөтний гэр бүлд нэг ёсны сэлбэг болдог байна. Хөрөнгөтний гэр бүл нь энэ сэлбэгээ үгүй болохын хамт аяндаа үгүй болж устана, тэгээд хоёулаа капиталыг устгахын хамт устана.
Эх эцэг нь үр хүүхдээ мөлжин ашигладгийг зогсоох гэж байна гэж та нар биднийг буруушаана уу? Бид ийм ялыг хүлээнэ.
Та нар бас биднийг гэрийн хүмүүжлийн оронд нийгмийн хүмүүжлийг хэрэглэж хүний хамгийн эрхэмсэг сайхан харилцааг устгах гэж байна гэж хэлж байна.
Гэтэл та нарын хүмүүжил чинь нийгмээр тодорхойлогдож байгаа биш гэж үү? Нийгмийн харилцааны дотор та нарын олгодог хүмүүжил чинь нийгмийн тэр харилцаагаар тодорхойлогддог биш гэж үү? Тэр хүмүүжил чинь нийгмээс сургууль зэргээр дамжуулан хөндлөнгөөс шууд буюу шууд бусаар оролцдог явдлаар тодорхойлогддог биш гэж үү? Коммунистууд хүмүүжилд нийгэм хэрхэн нөлөөлөхийг санаанаасаа зохиодог юм биш ээ, гагцхүү түүний чанарыг өөрчилж, ноёрхогч ангийн нөлөөнөөс суга татан ангижруулдаг юм аа.
Том аж үйлдвэрээс болж, пролетари нарын дунд гэр бүлийн аливаа харилцаа буснин эвдэрч, хүүхдүүд даруй худалдаалах жирийн юм, хөдөлмөрийн багаж хэрэгсэл болж ирэх тусам гэр бүл, хүмүүжил, эцэг эх, үр хүүхдийн хоорондох дотносог харилцаа гэж хөрөнгөтнүүдийн донгосох нь улам ч ой гутааж байна.
Гэтэл, коммунистууд та нар эхнэрийг нийтийн болгох гэж байна гэж бүх хөрөнгөтнүүд хоолой нийлүүлэн чалчиж байна.
Хөрөнгөтөн бол эхнэрээ үйлдвэрлэлийн эгэл нэгэн зэвсэг гэж үздэг байна. Хөрөнгөтөн үйлдвэрлэлийн зэвсгийг нийт дундын болгох санаатай байна гэж сонсоод, эхнэрийг ч бас л тэгэх байлгүй дээ гэхээс ондоогоор боддоггүй байна.
Тэгэхдээ харин эхнэрийг үйлдвэрлэлийн эгэл нэгэн зэвсэг болгодгийг нь чухам устгах гэж байгаа юм байна гэж огт санаанд нь орохгүй байна.
Ер нь коммунистуудын эхнэрийг албан ёсоор нийт дундын байдаг юм байна гэж ташааран манай хөрөнгөтнүүд эрхэм ёс төрийн үүднээс айн эмээдгээс илүү инээдэмтэй юм байхгүй дэг ээ. Коммунистуудад эхнэрийг нийт дундын болгох хэрэгцээ огт үгүй. Тийм явдал ерөөс бараг хэзээний байсаар ирсэн юм.
Мань хөрөнгөтнүүд албан ёсны янхныг авч ярихаа байя гэхэд тэдний мэдэлд ажилчных нь эхнэр охид байгаагаар ханахгүй харин ч бие биенийхээ авааль гэргийтэй завхайран сээтгэнэхийг бүр ч гойд цэнгэл гэж үздэг байна.
Хөрөнгөтнүүдийн эр эм бололцох нь үнэн хэрэг дээрээ эхнэрийг нийт дундын болгосон хэрэг мөн. Коммунистыг буруушаая гэвэл харин та нар өнгөндөө нуун далдалж, цаагуураа эхнэрийг нийт дундын болгодгийг албан ёсоор илэрхийгээр нийт дундын болгох нь шивдээ гэж буруушааж болохсон. Гэтэл одоогийн үйлдвэрлэлийн харилцааг хүчингүй болоход тэр үйлдвэрлэлийн харилцаанаас болж эхнэрийг нийт дундын болгодог буюу өөрөөр хэлбэл: албан ёсны ба албан ёсны бус янхан үгүй болох нь зүйн хэрэг билээ.
Цаашилбал, коммунистыг эх орон, үндэстнийг үгүй хийх гэж байна гэж буруушаадаг. Ажилчин хүнд эх орон байдаггүй учир тэднээс үгүй юмыг булааж болохгүй биз ээ. Пролетари нар юуны өмнө өөрийн улс төрийн ноёрхлыг тэмцэн олж, үндэсний анги болон дэвшиж, улс үндэстэн болж тогтнох ёстой учир, өөрөө үндэсний чанартай байх хирнээ хөрөнгөтнүүдийн ухдагаас харин өөр чанартай байх юм.
Үндэсний онцлог, улс түмний эсрэг тэсрэг байдал нь хөрөнгөтөн хөгжиж худалдаа чөлөөтэй болж, дэлхийн зах зээл бий болж, аж үйлдвэрийн үйлдвэрлэл нэгэн хэв янз болж, түүнд тохирох амьдралын байдал бий болохын хамт улам улмаар арилж байна.
Пролетарийн ноёрхол нь тэдгээрийн арилахыг улам түргэсгэнэ. Адаглаад соёл иргэншил бүхий улсуудын хүчин чармайлтыг нэгтгэх нь пролетарийн эрх чөлөөтэй болох анхны нөхцөлийн нэг болно.
Нэгэн хүн нөгөөгөө мөлжихийг хир зэрэг устгавал, мөн тэр хирээр нэг үндэстэн нөгөөгөө мөлжих ёс устана.
Улс үндэстний доторхи ангиудын харилцан эсрэг тэсрэг байдал үгүй болохын хамт улс үндэстнүүдийн харилцан дайсагнах байдал устана.
Коммунизмын эсрэг шашин, гүн ухааны, ер нь үзэл суртлын үүднээс яллан буруушааж байгаа зүйлийг нарийвчлан үзэхийн хэрэг алга байна.
Хүний амьдралын нөхцөл байдал, тэдний нийгмийн харилцаа, тэдний нийгмийн ахуйг хувьсахад бас тэдний санаа бодол, үзэл, ойлголт, ганц үгээр хэлбэл, тэдний ухамсар мөн өөрчлөгддөгийг ойлгоход онцын их ухаан зарах хэрэг байна уу?
Үзэл санааны түүх бол оюуны үйлдвэрлэл нь материаллаг үйлдвэрлэлтэй хамт өөрчлөгддөгийг нотолж байгаа бус юу вэ? Аль ч цаг үеийн ноёрхогч үзэл санаа нь хэзээд мөнхүү үеийн ноёрхогч ангийн үзэл санаа байсан байна.
Бүх нийгмийг хувьсгалжуулдаг үзэл санаа гэж ярьдаг. Тэгж ярихдаа хуучин нийгмийн дотор шинэ нийгмийн элемент бий болж, хуучин амьдралын нөхцөл задрахын хамт хуучин үзэл санаа эн зэрэгцэн задарч буй баримтыг үгүүлж байгаа хэрэг.
Эртний дэлхий дахин эцэс болох гэж байхад эртний шашинг христосын шашин дийлсэн билээ. Христостны үзэл санаа XYIII зууны үеэс соён гэгээрүүлэх үзэл санааны цохилтонд сөнөхөд феодалын нийгэм, тэр үед хувьсгалч байсан хөрөнгөтөнтэй үхлийнхээ тулалдааныг хийж байсан билээ. Шашин, сүсэг бишрэлийг эрх чөлөөтэй болгох үзэл санаа нь эрдэм мэдлэгийн талаар зөвхөн чөлөөт өрсөлдөөн ноёрхох явдлыг илэрхийлсэн ажээ. «Гэтэл» шашин шүтлэг, ёс суртахуун, гүн ухаан, улс төр, цааз хуулийн үзэл санаа зэрэг зүйл түүхэн хөгжлийн явцад өөрчлөгдсөөр ирсэн бол харин шашин шүтлэг, зан суртахуун, гүн ухаан, улс төр, цааз хууль хэзээд энэхүү үргэлждийн өөрчлөлт дунд хэвээр үлдсээр ирсэн юм.
Бас нийгмийн хөгжлийн бүх үе шатнаа адилхан байдаг эрх чөлөө, үнэн шударгуу ёс гэх зэргийн мөнх үнэн байдаг. Гэтэл коммунизм мөнх үнэнийг үгүй болгож, бас шинэтгэн сэлбэхийн оронд шашин шүтлэг, зан суртахууныг үгүй болгож байна. Тэгэхлээр коммунизм түүхэн хөгжлийн өмнөх бүх явцыг зөрчиж байна гэж бидэнд хэлэх бизээ.
Ингэж зэмлэн буруушаахын учир нь юу вэ? эдүгээ хүртэл байсан бүх нийгмийн түүх бол олон үед олон янзаар тогтож байсан ангийн зөрчилдөөн дундуур явж ирсэн байна.
Гэвч тэр зөрчилдөөн ямар ч хэлбэртэй болж байсан ялгаагүй, нийгмийн нэг хэсэг нь нөгөө хэсгээ мөлжих нь тэр өнгөрсөн бүх үеийн нийтлэг баримт болжээ. Ийм учраас үе бүхний нийгмийн ухамсар олон янз, ялгамжаатай байвч ангийн эсрэг тэсрэг байдлыг бүрмөсөн устгахад сая гүйцэд устах тухайн нийтлэг хэлбэр дотор, тухайлбал ухамсрын хэлбэр дотор хөдөлж байдгийг гайхах газар үгүй.
Коммунист хувьсгал бол өнгөрсөн үеэс залгамжилж авсан өмчийн харилцааг тун эрс шуудаар таслах болно. Эл хувьсгалын хөгжих явцанд өнгөрсөн үеийн үзэл санааг эрс шууд таслах нь гайхалтай хэрэг биш билээ.
Гэсэн ч хөрөнгөтнүүдээс коммунизмын өөдөөс маргадагийг авч хэлэлцээд яахав дээ. Ажилчны хувьсгалын анхны алхам нь пролетари нарыг ноёрхогч анги болгож, ардчилсан ёсыг байлдан олох явдал мөн гэж бид дээр үзсэн билээ.
Пролетари нар алхам алхмаар ахисаар хөрөнгөтнүүдээс бүх капиталыг булаан авч, үйлдвэрлэлийн бүх зэвсгийг улсын буюу өөрөөр үгүүлбэл, ноёрхогч ангийн хувиар зохион байгуулагдсан пролетарийн гарт төвлөрүүлээд, үйлдвэрлэх хүчний нийт хэмжээг аль болох түргэнээр их болгохын учир улс төрийнхөө ноёрхлыг ашиглана.
Энэ бол анх гагцхүү өмчийн эрх, хөрөнгөтний үйлдвэрлэлийн харилцаанд эзэрхэн халдах аргаар л бүтэх ёстой болно. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн талаар дутуу дулим, чадал муутай гэж үзэгдэх боловч яв явсаар, хирээсээ даваад үйлдвэрлэлийн бүх аргыг хувьсган өөрчлөхөд зайлшгүй хэрэглүүр болох арга явууллагыг хэрэглэснээр бүтэх ёстой болно. Эдгээр арга явууллага улс улсад ондоо байх нь зүйн хэрэг. Гэвч хамгийн тэргүүний орнуудад газар сайгүй хойнохь арга хэмжээг хэрэглэж болох нь:
1. Газрын өмчийг хураан авч, газрын түрээсийг улсын зарлагыг нөхөх зүйл болгох.
2. Өсгөн нэмэгдүүлэх өндөр татвар татах.
3. Өвлөх эрхийг хэрэгсэхгүй болгох.
4. Гадаадад оргогсод, самуун дэгдээгсдийн хөрөнгийг хураах.
5. Улсын капитал ба онц эрх бүхий улсын банкаар зээллэгийг улсын гарт төвлөрүүлэх.
6. Бүх тээврийг улсын гарт төвлөрүүлэх.
7. Улсын фабрик, үйлдвэрлэлийн багаж зэвсгийн тоог нэмэгдүүлэх, хамтын төлөвлөгөө ёсоор газрын чанарыг сайжруулан, сул газрыг тариалангийн газар болгох.
8. Бүгдээр нэгэн адил заавал хөдөлмөрлөх, мөн аж үйлдвэрийн армиудыг байгуулах, ялангуяа тариалангийн ажилд.
9. Тариаланг аж үйлдвэртэй хослуулах, хот хөдөөгийн хоорондын ялгааг аажмаар арилгахад дөхөм болгох.
10. Бүх хүүхдийг үнэ төлбөргүйгээр нийгмээс хүмүүжүүлэх, фабрикт хүүхдийг ажиллуулдаг одоогийн хэлбэрийг арилгаж, хүмүүжлийг материаллаг үйлдвэрлэлтэй хослуулах зэрэг болно.
Хөгжлийн явцад ангийн ялгаа арилж бүх үйлдвэрлэл эвлэлдсэн хүмүүсийн гарт төвлөрсөн тэр цагт нийтийг захирах засаг нь улс төрийнхөө шинж чанар алдана. Уг үгийн жинхэнэ утгаар бол улс төрийн засаг гэгч нь даруй нэгэн анги нөгөө ангиа дарахын тулд зохион байгуулсан хүчин болой. Хэрэв пролетари нар хөрөнгөтнийг эсэргүүцэн тэмцэхдээ заавал анги болж нэгдэн, мөн хэрэв хувьсгалаар өөрийгөө ноёрхогч анги болгож, тийнхүү ноёрхогч ангийн хувиар үйлдвэрлэлийн хуучин харилцааг хүчээр устгах aваас тэрхүү үйлдвэрлэлийн харилцааны хамт ангийн зөрчилдөөний оршин ахуйн нөхцөлийг устгаж, ер нь ангийг устган, түүгээрээ ангийн хувиар ноёрхох өөрийнхөө ноёрхлыг устгах болно.
Анги ба ангийн зөрчилдөөн бүхий хуучин, хөрөнгөтний нийгмийн орыг хүн бүрийн чөлөөтэй хөгжин боловсрох нь бүх хүмүүсийн чөлөөтэй хөгжихийн нөхцөл болох эвлэл холбоо эзэлнэ.
а. Феодалын социализм.
Франц, английн язгууртан түүхт байдлаараа, орчин үеийн хөрөнгөтний нийгмийн эсрэг шог зохиол бичих учиртай байжээ. Францын 1830 оны 7 дугаар сарын хувьсгал, мөн Английн парламентын реформын хөдөлгөөнд эдгээр язгууртан, жигшигдсэн цоройн дэвшигсдэд дарагджээ. Дахин улс төрийн ноцтой тэмцэл гэж ярих аргагүй болжээ. Язгууртан гагцхүү ном зохиолын тэмцэл хийж болохтой байлаа. Гэвч ном зохиолын зүйлд ч сэргээн босгох үеийн хуучин үг горьгүй болсон байв. Хүний сэтгэлийг биедээ татахын учир язгууртан өөрийн ашиг тусыг бодохыг байгаад хөрөнгөтний эсрэг яллах актыг зохиохдоо гагцхүү мөлжигдөн байгаа ажилчин ангийн ашиг тусын төлөө тэгж байгаа мэт дүр үзүүлэх ёстой болсон байв. Язгууртан, шинэ эзнээ хочилсон бичгийг зохиож сэтгэлээ тэжээгээд түүнд аюул учрах нь гэж муу ёрлон шивнэж байв.
Тийнхүү тал хувь нь гомдол, тал хувь нь хочлол бичиг, тал хувь нь өнгөрсний цуурай, тал хувь нь ирээдүйн занал болсон бөгөөд заримдаа гашуун, хортой хурц буруушаал үгээр хөрөнгөтний гол зүрхийг чичдэг боловч, орчин үеийн түүхийн явцыг ухаарч огт үл чадахаараа тун инээд хүрэлттэй феодалын социализм ийнхүү бий болжээ.
Язгууртнууд ард олныг биедээ татан дагуулахын тулд пролетарийн гуйлгачны шуудайг туг мэт барин далладаг байжээ. Гэтэл ард олон язгууртны хойноос дагах бүртээ бөгсөнд нь хуучин феодалын тамга тэмдэг байгааг хараад тохуурхан тачигнатал инээж тархан зугтдаг байлаа.
Ийм инээдэмт жүжгийг францын легитимистын нэгэн хэсэг, мөн “Залуу Английнхан” тоглон тавьдаг байв.
Феодалууд өөрснийхөө мөлжих аргыг хөрөнгөтний мөлжих аргаас ондоо байсан гэж нотолж байхдаа одоо нэгэнт өнгөрсөн шал өөр нөхцөл байдлын дунд мөлжиж байснаа мартчихдаг байна. Тэдний ноёрхож байхад орчин үеийн пролетари байгаагүй гэж заахдаа орчин үеийн хөрөнгөтөн бол чухам феодалын нийгмийн байгууллаас зайлшгүй гарч ирсэн үр нь байсан гэдгийг мартаж байна.
Гэвч тэд шүүмжлэлийнхээ харгис шинж чанарыг нуух нь тун бага учир хөрөнгөтнүүдэд гол ял тулгахдаа хөрөнгөтний ноёрхлын үес бүх хуучин нийгмийн ёс дэглэмийг дэлбэ үсэргэх анги хөгжиж ирсэн гэцгээдэг байна.
Ер нь пролетари нарыг хөрөнгөтнүүд төрүүлж байна гэхээсээ хувьсгалт пролетари нарыг төрүүлж байна гэж хөрөнгөтнийг тэд илүү буруушаадаг байна.
Эл учир тэд улс төрийн практик ажил хэрэг дээр ажилчин ангийн эсрэг аливаа хүчирхийлэх арга явууллагад оролцдог бөгөөд ерийн байдалд гоё сайхан үг хэлдэг мөртөө алтан алимыг түүцгээн авч, шударгуу журам, янаг амраг, нэр төрийг хонины ноос, чихрийн лууван, цагаан архины наймаагаар хэнэг ч үгүй арилждаг байна.
Хар лам хэзээд феодалтай хөтөлцөн явж байсантай адил хар лам нарын социализм нь феодалын социализмтай хөтөлцөн явж байна.
Христосын шашны хатуужлыг социализмын өнгөтэй болгох шиг амархан юм огт байхгүй. Христосын шашин бас хувийн өмчийг, мөн эр эм бололцох ёс хийгээд засаг төрийг эсэргүүцэж байсан биш бил үү? Оронд нь буян хийтүгэй, гуйланчилтугай, гэрлэх ёсыг тэвчиж, үр удмыг таслан, сүм хийдэд сууж, шашныг эрхэмлэтүгэй гэж эс номлодогсон биш билүү? Христосын шашинтны социализм, язгууртны сэтгэлийн хорсол дээр хар ламын цацдаг рашаан мөн.
в. жижиг хөрөнгөтний социализм
Феодалын язгууртан гэдэг бол хөрөнгөтөнд ховх татуулаад орчин үеийн хөрөнгөтний нийгэмд амь зуух байдал нь улам дордон, мөхөж байсан ганц анги биш, дундад эртний жижиг харцуул, жижиг тариачин бол орчин үеийн хөрөнгөтний урьд үеийнхэн байжээ. Аж үйлдвэр худалдааны талаар төдий л хөгжөөгүй улсад энэхүү анги хөгжин байгаа хөрөнгөтний хажуугаар бас өнөө болтол гол залгаж байна.
Орчин үеийн соёл иргэншил хөгжсөн улсад пролетари хөрөнгөтөн хоёрын хооронд тээнэгэлзэж, хөрөнгөтөн нийгмийн нэмэгдэл хэсгийн хувиар дахин давтан бий болдог шинэ жижиг хөрөнгөтөн бий боллоо. Гэтэл өрсөлдөөн энэ ангийн гишүүдийг үргэлж пролетарийн эгнээнд түлхэн оруулж байдаг бөгөөд тэд том аж үйлдвэрийг хөгжихийн хамт орчин үеийн нийгмийн бие даасан хэсэг болж байхаа бүрмөсөн зогсоод оронд нь худалдаа, аж үйлдвэр, тариалан дээр ажил хянагч бойдоо, зарлагууд бий болох цаг ойртож байгааг үзэж эхэлж байна.
Бүх хүн амын тэн хагасаас илүү хувь нь тариачин байгаа Франц мэт улсад хөрөнгөтнийг эсэргүүцэн пролетарийн талд ороод хөрөнгөтний байгууллыг шуүмжлэхдээ жижиг хөрөнгөтөн ба жижиг тариачны хэмжүүрийг хэрэглэж, ажилчны үйлсийг жижиг хөрөнгөтний үүднээс хамгаалж байсан зохиолч нар гарч ирэх нь зүй ёсны хэрэг байлаа. Жижиг хөрөнгөтний социализм ийнхүү үүсчээ. Сисмонди ганц Францад ч биш, мөн Англид ч иймэрхүү ном зохиолыг толгойлж байна.
Энэ социализм орчин үеийн үйлдвэрлэлийн харилцаанд зөрчил байгааг тун хурц мэргэнээр гаргажээ. Мөн эдийн эасагчдын хуурамч өмгөөлөлтийг илрүүлэв. Машинт үйлдвэрлэлийн ба хөдөлмөрийн хуваарийн хор хөнөөл, капитал газар эзэмшил хоёрын төвлөрүүлэлт хийгээд хэт үйлдвэрлэл, хямрал, жижиг хөрөнгөтөн ба тариачны зайлшгүй сөнөх, пролетари нар үгүйрэх, үйлдвэрлэл эмх замбараагүй болох, эд баялгийг хэтэрхий тэгш бусаар хуваарилах, олон улс үндэстэн харилцан аж үйлдвэрийн хөнөөлт байлдаан хийх, хуучин ёс заншил, хуучин өрх гэрийн харилцаа, хуучин үндэстний задрахыг няцааж болшгүйгээр нотолжээ.
Гэвч эерэг агуулгаараа энэ социализм нь нэг бол үйлдвэрлэлийн ба арилжааны хуучин хэрэгслийг сэргээн, түүний хамт мөн өмчийн хуучин харилцаа, хуучин нийгмийг сэргээхийг хүсэх буюу эсвэл орчин үеийн үйлдвэрлэл, арилжааны хэрэгслийг үүнд эвдүүлсэн буюу эвдүүлэх ёстой байгаа өмчийн хуучин харилцаанд хар хүчээр дахин чихэн оруулахыг эрмэлздэг байна. Энэ хоёрын аль алин дээр энэ социализм нэгэн адил харгис бөгөөд утопик байна.
Түүний хэлдэг эцсийн үг гэвэл аж үйлдвэрт цехийн байгуулал сэргэж, патриархал хөдөө аж ахуйтай болно гэдэг юм. Энэ чиглэл цаашдынхаа хөгжилд аймхайгаар гомдол өгүүлэх байдалд шилжжээ.
с. германы буюу “үнэн” гэгч социализм
Ноёрхогч хөрөнгөтний талхин дор үүсээд тэр ноёрхлыг ном зохиолд эсэргүүцсэн тэмцлийн илэрхийлэл болсон Францын социалист ба коммунист утга зохиол Германд хөрөнгөтнүүд феодалын хэмжээгүй эрхт ёсыг дөнгөж сая эсэргүүцэж эхэлж байсан үед шилжиж очсон билээ.
Германы гүн ухаантан, хагас дутуу гүн ухаантан, сайхан үгтэн, Францаас Германд эдгээр зохиолыг шилжүүлэхийн хамт гагцхүү Францын амьдралын нөхцөл мөн нэгэн адил шилжиж очоогүйг умартаад тэр ном зохиолыг улайран шүүрч авлаа. Германы нөхцөлд Францын утга зохиол шууд ажил хэргийн хамаг чанарыг алдаж, дан ганц ном зохиолын урсгалын чанартай болж ирээд, хүний мөн чанарын биеллийн тухай зав чөлөө ихтэй хүмүүсийн хий бодлогошрол шиг үзэгдэх ёстой байжээ. Тийнхүү Францын анхны хувьсгалын шаардлага нь XYІІІ зууны Германы гүн ухаантанд гагцхүү «практик оюуны» шаардлага төдий утгатай байсан бөгөөд францын хувьсгалт хөрөнгөтний зориг хүслийн илрэл нь дан зориг хүсэл ямар байвал зохих, үнэхээр хүний зориг хүслийн хуулийн утга чанартай юм шигээр тэдний нүдэнд үзэгддэг байжээ.
Германы бичгийн хүмүүсийн бүх ажил нь гагцхүү францын шинэ санааг гүн ухааны хуучин ойлгоцтойгоо эвлэрүүлэх буюу чухам дээрээ Францын үзэл санааг өөрийнхөө гүн ухааны үүднээс тогтоон мэдэж авахад оршиж байв.
Тэгж тогтоон мэдэж авах нь ер нь харийн хэлийг хэрхэн тогтоон мэдэж авдагтай адилаар буюу орчуулах аргаар гүйцэтгэгджээ.
Хар лам нар эртний бөөгийн шашинтны үеийн сонгодог зохиолыг бичсэн судрын эх бичгийн дээгүүр нь католик шашныхаа хутагт нарын шал дэмий намтрыг бичдэг байсан нь мэдээжийн хэрэг билээ. Харин германы бичгийн хүмүүс францын ёсон бусын утга зохиолыг шал өмнөөгөөр оролджээ. Тэд францын эх бичгийн доогуур нь гүн ухааныхаа дэмий балай зүйлийг бичиж орхидог байжээ. Жишээлбэл: мөнгөний харилцааг шүүмжилсэн франц эх бичигт тэд «хүний мөн чанарыг хагацуулан салгах нь» гэж бичих буюу хөрөнгөтний төрийг шүүмжилсэн зүйлд нь «ерөнхий Бүх Нийтийн ноёрхлыг халах нь» гэх зэргээр бичдэг байв.
Тэд францын онолыг өөрийнхөө гүн ухааны хоосон чамин үгээр ийнхүү арилжин сольсноо «үйлдэхүйн гүн ухаан», «үнэн социализм», «социализмын тухай германы шинжлэх ухаан», «социализмыг гүн ухаанаар үндэслэсэн нь» гэх зэргээр нэрлэдэг болжээ.
Тийнхүү францын социалист, коммунист ном зохиолын агуулгыг ингэж бүрмөсөн саармагжуулжээ. Тэгээд герман хүний гарт орсон тэр зохиол нэгэнт нэгэн анги нөгөө ангийнхаа эсрэг тэмцсэнийг илэрхийлэх чанараа алдсан болохоор герман хүн, «франц хүний ганц талыг хэлтгий баримтлагч чанараас» давуу дээгүүр боллоо, жинхэнэ хэрэгцээний оронд, үнэнийг хүсэх хэрэгцээг хангаж байна, пролетарийн эрх ашгийн оронд ямар ч ангид харъяагүй бөгөөд ерөөс үнэндээ байдаггүй гагцхүү гүн ухааны фантазийн будант тэнгэрт байгч ерөөсөө л хүний буюу хүний мөн чанарын ашиг тусыг өмгөөлөн хамгаалж байна гэж итгэсэн байжээ.
Болхи дасгалаа эрхэм чухал гэж дэлхий дахинд өндөр дуугаар зарлаж байсан германы социализм яван явсаар өөрийнхөө хэт ёсорхон гэм буруугүй мэт байдаг байдлаа алджээ. Германы, ялангуяа Пруссийн хөрөнгөтнүүдээс феодал хийгээд ганцаараа эзэрхэх хаант ёсыг эсэргүүцсэн тэмцэл буюу ганц үгээр хэлбэл либерал хөдөлгөөн нь улам улам ноцтой болж ирэв.
Социалист шаардлагыг тийнхүү улс төрийн хөдөлгөөний эсрэг тавьж, либерализм, төлөөлөгчдийн ёст засаг төр, хөрөнгөтний өрсөлдөөн, хөрөнгөтний хэвлэлийн эрх чөлөө, хөрөнгөтний хууль цааз, хөрөнгөтний эрх чөлөө, тэгш ёсыг уламжилж ирсэн хараалаар зүхэж, хөрөнгөтний тэр хөдөлгөөнд ард олон хамгаа алдахаас өөр юу ч хожихгүй гэж тэдэнд номлох хүсэлтэй завшаан «үнэн» гэгч социализмд тохиолджээ. Францын шүүмжлэл нь орчин үеийн хөрөнгөтний нийгмийг оршин ахуйн зохих материаллаг нөхцөлтэй, мөн зохих улс төрийн үндсэн хуультай хөрөнгөтний нийгэм байх юм гэж үзэж байсныг буюу өөрөөр хэлбэл тэр бүх урьдчилсан нөхцөлийг Германд зөвхөн тэмцэн олох тухай үгүүлэгдэж байсан гэгчийг Францын шүүмжлэлийн арчаагүй цуурай нь байсан Германы социализм тун цагийг нь олж мартжээ.
Хар лам, сургуулийн багш, үхширсэн юнкерүүд, түшмэл нарын зэрэг бараа бологч нартай германы хэмжээгүй эрхт засгийн газруудад германы социализм нь өмнөөсөө аюултайгаар довтолж байгаа хөрөнгөтнүүдийн эсрэг хэрэглэх аятайхан айваль мануухай болж өгсөн байна.
Германы социализм нь эдгээр засгийн газраас германы ажилчны бослогыг занчуур ташуур, бууны сумаар няцаан дарж байсан дээр нь амттайхан нэмэр болж өгсөн байна.
Тийнхүү «үнэн» гэгч социализм нь засгийн газрын гарт германы хөрөнгөтний эсрэг хандуулсан зэвсэг болж байхын хамт бас харгис этгээдийн ашиг тус, германы харцуулын ашиг тусын илэрхийлэл нь мөн шууд болж байсан байна. Германд XYI зууны үеэс үе залгамжлан ирээд энэ тэр ямар нэгэн хэлбэрээр дахин дахин үүсэгч жижиг хөрөнгөтнүүд нь оршин буй байгууллын нийгмийн жинхэнэ үндсэн суурь нь байжээ.
Тэрхүү жижиг хөрөнгөтнийг үлдээх нь германд тогтнон оршиж буй байгууллыг хэвээр үлдээх гэсэн хэрэг. Тэд хөрөнгөтний аж үйлдвэр, улс төрийн ноёрхлоос нэг талаар капитал бөөгнөрснөөс, нөгөө талаар хувьсгал ч пролетари нарын өсөлтөөс болж, зайлшгүй сөнөхөө эмээн хүлээж, энэ хоёр дайсныг «үнэн» гэгч социализм ганц чулуугаар цохино байх гэж үзэж байсан учир, «үнэн» гэгч социализм нь хижиг мэт дэлгэрч байв.
Эцэнхий хатингар хэдэн «мөнх үнэнээ» Германы социалистууд ийнхүү бясалган сэтгэх хоосон бодлогоор сүлжин нэхэж, уран үгийн чамин цэцэг хатган чимж, уяран бахадсаны нулимс шингэсэн мэдлэгийн цаадах нөмрөгөөр бүтээсэн нь энэ мэтийн амьтны дунд тэдний барааг улам ихээр гүйлгэн борлуулахад гагцхүү тус болж өгсөн байна.
Германы социализм ч мөн энэхүү харчуудын сүр бадруулсан төлөөлөгч нь болох тавилантайгаа өөрөө ч улам улам ухамсарлаж байв.
Герман үндэстнийг үлгэр жишээ үндэстэн гээд, германы харчуудыг үлгэр жишээ хүн гэж тэр социализм зарлав. Энэхүү харчуудын дорд өчүүхэн явдал бүхнийг үнэн чанараас нь шал ондоо болгосон нарийн нууц, социалист эрхэм утгатай болгожээ. Германы социализм нь эцэстээ хүртэл тууштай байсаар коммунизмын «бүдүүлгээр эвдэн сүйтгэх» чиглэлийн өөдөөс илт эсэргүүцэж, аль ч этгээдэд хэлбийхгүй эрхэмсгээ аливаа ангийн тэмцлээс дээгүүр байна гэж зарлан тунхаглав. Германд социалист буюу коммунист гэдэг нэртэй гарч байгаа зохиолуудын тун цөөхнөөс бусад нь цөм тархи толгой эргүүлэх тийм бузар зохиол мөн.
Хөрөнгөтний нэгэн хэсэг нь хөрөнгөтний нийгмийн тогтнолыг бататгax гэж нийгмийн эмгэгийг анагаах санаатай байна.
Үүнд эдийн засагч, хүнийг энэрэгч, өршөөнгүйн ёсыг хамгаалагч, хөдөлмөрчдийн ахуй байдлыг сайжруулагч, буяны үйлсийг бүтээгч, адуусан амьтныг тамлан зовоогчдыг жигшигч нар, архийг тэвчих нийгэмлэгүүдийг байгуулагч нарын зэрэг янз бүрийн явган реформчид багтана. Хөрөнгөтний энэ социализм нь бүрэн бүтэн систем болж боловсруулагдаж байсан удаа бий.
Жишээ болгож Прудоны «гуйланчлалын философийг» үгүүлье.
Социалист-хөрөнгөтнүүд орчин үеийн нийгмийн тогтнолын үндсэн нөхцөлийг гагцхүү түүнээс зайлшгүй гарах аюул тэмцэлгүйгээр үлдээхийг хүсэж байна. Орчин үеийн нийгмийг хүсэхдээ түүнийг задруулан хувьсгалжуулдаг зүйлгүйгээр хүсэж байна. Пролетаригүйгээр хөрөнгөтнийг хүсэж байна. Хөрөнгөтний ноёрхож байгаа ертөнц бол ертөнцийн хамгийн сайн нь мөн гэж тэдэнд аргагүй үзэгддэг болой. Хөрөнгөтний социализм нь сэтгэл засах энэ бодлоо хагас буюу бүтэн ямар нэгэн систем болгон боловсруулж байна. Пролетари нарыг тэр системийг биелүүлж, шинэ Иерусалимд орно уу гэж урихдаа уг чанартаа пролетарийг одоогийн нийгэмд хэвээр үлдээгээд, гагцхүү тэр нийгмийг жигшин үзүүштэй юм гэж боддогоо больтугай гэж шаарддаг байна.
Энэхүү социализмын арай багавтар системчилсэн боловч ажил хэргийн талаар илүүтэй нэгэн хэлбэр нь улс төрийн ямар нэгэн өөрчлөлт тус болохгүй, гагцхүү аж төрөхийн материаллаг нөхцөл, эдийн засгийн харилцааны байдал өөрчлөгдвөл сая ашиг тустай болно гэж ажилчин ангид ойлгуулахыг оролдон, аливаа хувьсгалт хөдөлгөөнийг үл ойшоон жигшүүлэхийг хичээдэг байв. Гэтэл энэхүү социализм, амьдралын материаллаг нөхцлийн өөрчлөлт гэхдээ гагцхүү хувьсгалт замаар биелэгдэх, хөрөнгөтний үйлдвэрлэлийн харилцааг устгах явдлыг хэлдэггүй, харин энэхүү үйлдвэрлэлийн харилцаан дээр үндэслэсэн учир капитал хөдөлмөр хоёрын харилцаанд ямар ч өөрчлөлт гаргахгүй, сайндаа хөрөнгөтөнд түүний ноёрхох зардлыг хэмнэн, түүний төрийн аж ахуйг хялбарчлах засаг захиргааны талын засал өөрчлөлт юм гэж ойлгодог байна.
Хөрөнгөтний социализм бол илтгэгчийн хоосон үг болохдоо сая хамгийн тохирсон илэрхийлэлтэй болж байгаа нь тэр ээ.
Чөлөөт худалдаа! энэ бол ажилчин ангийн ашиг тусын төлөө юм, хамгаалах гааль! энэ бол ажилчин ангийн ашиг тусын төлөө юм, ганц ганцаар нь хорих гяндан! энэ бол ажилчин ангийн ашиг тусын төлөө юм гэдэг нь хөрөнгөтний социализмын эцсийн ганц чин үнэн үг даруй мөн.
Хөрөнгөтний социализм нь хөрөнгөтөн бол хөрөнгөтөн мөн бөгөөд энэ нь ажилчин ангийн ашиг тусын төлөө юм гэж хэлдэгт оршино.
Бид энэ дээр орчин үеийн аливаа их хувьсгалд пролетарийн шаардлагыг илэрхийлж байсан бүх (Бабёфийн зохиол зэрэг) ном зохиолыг үл өгүүлнэ.
Бүх нийтээр үймэн хөдлөх цаг, феодалын нийгмийг түлхэн унагах үес пролетари нар өөрийн ангийн ашиг тусыг шууд биелүүлэхийг анх оролдсон нь пролетарийн байдал хөгжөөгүй, мөн түүний эрх чөлөөтэй болохын материаллаг нөхцөл гүйцэлдээгүй учраас (тэр нөхцөл нь гагцхүү хөрөнгөтний үеийн бүтээгдэхүүн болохоор) бүтдэггүй байжээ. Пролетарийн энэхүү анхны хөдөлгөөнийг дагалдсан хувьсгалт ном зохиол зайлшгүй хоцрогдонгүй харгис утга агуулгатай байдаг байна. Нийтээр ариглан тэвчиж, бүдүүнээр тэгшитгэхийг шаардан номлодог байна.
Сен-Симон, Фурье, Оуэны систем зэрэг жинхэнэ социалист хийгээд коммунист системүүд, бидний дээр өгүүлсэн пролетари хөрөнгөтөн хоёрын харилцан тэмцэлдэх тэмцлийн хөгжиж завдаагүй анхдугаар үед гарчээ. (“Хөрөнгөтөн проле¬тари хоёр”-т үз)
Эдгээр системийг зохиогсод ангийн зөрчилдөөнийг мөн ноёрхогч ангийн дотор эвдэн сөнөөх зүйл ажиллан байгааг ч үздэг байна. Гэтэл пролетари нарт ямарваа нэгэн түүхэн өөрийн үйлдэл, жинхэнэ өөрийн улс төрийн ямарваа нэгэн хөдөлгөөн байгааг байгааг олж хардаггүй байна.
Ангийн зөрчилдөөн хөгжих нь аж үйлдвэр хөгжихтэй мөр зэрэгцэх учир пролетарийн чөлөөлөгдөхийн материаллаг нөхцлийг энэ систем зохиогчид олж харж мөн чадахгүй байна. Тэгээд эл нөхцлийг бий болгох гэж нийгмийн тийм шинжлэх ухаан, нийгмийн тийм хуулийг сураглан эрдэг байна.
Нийгмийн үйл ажиллагааны орыг тэдний хувь хувийн бүтээн зохиох үйл ажиллагаа эзэлж, эрх чөлөөг олох түүхэн нөхцлийн орыг фантастик нөхцөл эзэлж, пролетари нар яван явсаар анги болж зохион байгуулагдахын оронд эдгээр систем зохиогчдын санаанаас зохиосон жороор нийгмийг байгуулах явдал бий болох юм гэнэ. Дэлхий дахины цаашдын түүх нь тэдний зохиосон нийгмийн төлөвлөгөөг ухуулан дэлгэрүүлж, ажил хэрэг дээр биелүүлэхэд оршино гэж эдгээр хүмүүс үздэг байжээ.
Эдгээр хүмүүс энэхүү төлөвлөгөөндөө ажилчин ангийг хамгийн их зовж байгаа анги гэж үзэж, их төлөв түүний ашиг тусыг хамгаалж байгаагаа ухамсарлаж байгаа бололтой. Тэдэнд пролетари нар бол зөвхөн л хамгийн их зовж байгаа ангиас цаашгүй ажээ.
Гэвч ангийн тэмцлийн хөгжөөгүй хэлбэр хийгээд мөн эдгээр систем зохиогч хүмүүсийн амьдралд эзэлж байгаа байраас болж тэд нар биеэ тэрхүү ангийн зөрчилдөөнөөс ангид хол байгаа гэж үзээд нийгмийн бүх гишүүдийн байр байдлыг тэр ч байтугай хамгийн сайн байдалтайг ч хүртэл улмаар байдлыг сайжруулна гэж эрмэлзэн хүсдэг юм. Тийм учраас тэд дандаа бүх нийгэмд ялгамжгүй хандан тэр ч битгий хэл голцуу ноёрхогч ангийн зүг ханддаг байна. Тэдний системийг ойлговол л байж болох хамгийн сайн нийгмийн хамгийн сайн төлөвлөгөө гэж тэр системийг мэдэж болно гэдэг байна.
Тэгээд тэд нар, ямар нэгэн улс төрийн ялангуяа аливаа хувьсгалт үйл ажиллагааг эөвшөөрдөггүй юм. Зорилгодоо найрамдлын замаар хүрэхийг эрмэлзэж жижиг жижиг, хэрхэвч бүтэшгүй туршлага, үлгэр жишээгээр нийгмийн шинэ евангели сударт зам засаж өгөхийг оролддог ажээ.
Ирээдүйн нийгмийн байдлыг ийнхүү фантастикаар үгүүлэх нь пролетари нар хараахан маш хөгжөөгүй байдалтай байж, тэр учраас өөрийн байдлыг хараахан тун фантастикаар сэтгэж байгаа цагт бий болж, нийгмийг нийтээр нь өөрчлөх гэж пролетарийн анхны зөн төгөлдрөөр хөдлөн тэмүүлснээс гарчээ.
Гэвч эдгээр социалист, коммунист зохиолд бас шүүмжилсэн зүйл бий. Эдгээр зохиол тогтнон байгаа нийгмийн бүх үндэс суурьт халдан довтолжээ. Тийм учраас ажилчдыг гэгээрүүлэх явдалд туйлын чухал материалыг гаргаж өгсөн байна. Хот, хөдөөгийн эсрэг тэсрэг байдал устгаж, өрх гэр, амины ашиг хонжоо, хөлсний хөдөлмөр устаж, нийгмээрээ зохицон найрамдах болж, засаг төр нь гагцхүү үйлдвэрлэлийг удирдах жирийн захиргаа болно гэж ирээдүйн нийгмийн тухай тэдний эерэг дүгнэлт гарч байсан энэ баримт нь сая үүсч байгаа учраас гагцхүү анхны ямар ч дүрс хэлбэрийг олоогүй, тодорхойгүй байдлаар тэдэнд мэдэгдэж байгаа ангийн зөрчлийг зайлуулахыг хүсэн илэрхийлсэн зүйл болно. Тийм учраас эдгээр баримтлал хараахан үл биелэгдэх утопик шинжтэй байна.
Шүүмжлэлт үл гүйцэлдэх социализм, коммунист үзлийн ач холбогдол нь түүхэн хөгжилтэй харшуулбал урвуу харьцаатай байна. Ангийн тэмцэл хөгжиж, улам бүр тодорхой хэлбэр дүрсийг олох тутам, ангийн тэмцлийг фантастикаар үл зөвшөөрөн цааргалж, түүний дээр байхыг эрмэлзсэн фантастик тэмүүлэл нь ажил хэргийн аливаа утга чанар, онолын аливаа зөвтгөлийг улам улам алдаж ирнэ. Тийм дээрээс эдгээр системийг байгуулагсад зарим талаар хувьсгалч байсан боловч тэдний шавь нар нь хэзээд харгис үзэлт сект байгуулдаг байна. Тэд, пролетарийн цаашдын түүхэн хөгжлийг харахгүй, дан багшийнхаа хуучин үзлийг үхширтэл баримталдаг байна. Тийм учраас тэд ангийн тэмцлийг дахин намдуулж, зөрчилдөөнийг зохицуулахыг л оролддог байна. Тэд нийгмийн тухай үл гүйцэлдэх үзлээ турших журмаар биелүүлж, ганц нэгэн фаланстер байгуулцгаан, дотооддоо колони бий болгож (Home-colonies), зохиож, өврийн шинэ Иерусалимын өөдөс-бяцхан Икарийг байгуулахыг одоо хир нь мөрөөдсөөр байгаа бөгөөд энэ бүх гандирсан шилтгээнийг босгохын учир хөрөнгөтний сэтгэл, түрийвчний өршөөл өглөгийг харахад хүрчээ. Тэгээд яван явсаар дээр өгүүлсэн харгис хоцронгуй буюу хуучныг баримтлан хадгалсан социалист номлолтны зэрэгт бууран шилжээд тэд нараас юугаараа ялгаатай вэ гэхэд гагцхүү системтэй педантизм гэгч алгасалгүй нарийн зарчимчлах ёсыг хэт баримтлан, нийгмийн ухааныхаа гайхамшигт чадалд үхширтэл биширдгээрээ ялгаатай болжээ.
Ийм учраас тэд ажилчны ямарваа нэгэн улс төрийн хөдөлгөөнийг шинэ евангели сударт нь эс биширсэн мухар үзлээс гарав хэмээн их л хорсон тэмцдэг байна.
Англид Оуэныхан чартистуудыг Францад фурьегийнхан реформистуудыг эсэргүүцэж байна.
Хоёрдугаар булэгт өгүүлснийг үзэхэд коммунистууд нэгэнт тогтносон ажилчны намыг хэрхэн үзэх нь буюу Англид чартист, Өмнөд Америкт газар тариалангийн рефорын талын хүмүүсийн тухай юу гэж үзэх нь илэрхий хэрэг.
Коммунистууд, ажилчин ангийн ойрын зорилго, эрх ашгийн төлөө тэмцдэг боловч одоогийн хөдөлгөөнд бас уг хөдөлгөөний ирээдүйн явдлыг өмгөөлөн хамгаалж байна. Францад коммунистууд, хуучныг хадгалсан консерватив, радикал хөрөнгөтний эсрэг хандаж, тэгэх мөртөө хувьсгалт уламжлалаас гарах үг, хоосон сэтгэлийг шүүмжлэн үзэх эрхээ орхилгүйгээр социалист-ардчилсан намтай хамжиж байна.
Швейцарт коммунистууд, радикал намын нэгэн хэсэг нь Францын хэлбэр маяг бүхий ардчилсан социалистууд, зарим хэсэг нь радикал хөрөнгөтнөөр бүрэлдэн зөрчилтэй элементээс бүрэлдсэн нам байна гэж мэддэг атлаа радикалуудыг дэмжиж байна.
Польш нарын дунд коммунистууд газар тариалангийн хувьсгалыг үндэсний эрх чөлөө олохын нөхцөл болгосон бөгөөд 1846 оны Краковын бослогыг үүсгэсэн намыг дэмжиж байна.
Германд хөрөнгөтнүүд хувьсгалчаар хөдөлж байгаа учраас коммунист нам тэдэнтэй хавсран хэмжээгүй эрхт хаант засаг, феодалын газар эдэлбэрийн өмч, харгис үзэлт харчуудын эсрэг тэмцэж байна.
Гэвч тус нам хөрөнгөтний ноёрхлын авчрах ёстой нийгэм улс төрийн нөхцлийг тэр дор нь түүний өөдөөс эргүүлж хэрэглэх зэвсэг болгон, Германд харгис ангиудыг түлхэн унагамагц хөрөнгөтнүүдийн өөрсдийнх нь эсрэг тэмцэх тэмцэл эхлэхийн учир Германы ажилчдад хөрөнгөтөн пролетари хоёрын хоорондох харш зөрчилцөөнийг улам бүр илт тодорхойгоор мэдрүүлэхийг ямагт эрмэлзэж байна.
Коммунистууд германд гол анхаарлаа тавьж буй, учир нь гэвэл Герман орон хөрөнгөтний хувьсгал болохын өмнө байгаа бөгөөд энэ хувьсгалыг ер нь Европын соёл иргэншлийн нэлээд дэвшилттэй нөхцөл дундуур, ХYІІ зууны үеийн Англи, ХYІІІ зууны үеийн Францаас илүү хөгжсөн пролетаритайгаар хийх тул коммунистууд тийнхүү гол анхаарал тавьж байна. Ингэхлээр Германы хөрөнгөтний хувьсгал, тийнхүү пролетарийн хувьсгалын зөвхөн шууд удиртгал нь болж болох байна.
Ганц үгээр өгүүлбэл, коммунистууд эдүгээгийн оршиж байгаа нийгэм, улс төрийн байгууллын эсрэг хандсан аливаа хувьсгалт хөдөлгөөнийг газар сайгүй дэмжиж байна.
Эдгээр бүх хөдөлгөөнд коммунистууд өмчийн асуудлыг их бага ямар нэгэн хэмжээгээр хөгжсөн хэлбэртэй болсон эссэнд холбогдуулалгүйгээр хөдөлгөөний гол асуудал болгож байна.
Эцэст нь коммунистууд газар бүхнээ орон бүхний ардчилсан намуудын харилцан холбоо тогтоож, учраа ойлголцохыг эрхэм болгож байна.
Коммунистууд үзэл, зорилгоо нуухыг жигшүүртэй хэрэг гэж үзнэ. Зорилгоо биелүүлэхдээ гагцхүү эдүгээ хүртэл байсаар ирсэн нийгмийн байгууллыг хүчээр түлхэн унагавал сая биелүүлж болно гэж илт илэрхийлнэ. Ноёрхогч ангиуд коммунист хувьсгалын өмнө чичрэн дагжтугай. Пролетари нар тэр хувьсгалаар гинжнээсээ өөр юуг ч алдахгүй. Олох олохдоо бүх дэлхийг олж авна.
ОРОН БҮХНИЙ ПРОЛЕТАРИ НАР НЭГДЭГТҮН !